​ОБЕГ: Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн таван суманд гарсан долоон ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Admin
2025/05/28

ОБЕГ-аас ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар /2025.05.28/ мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:
-Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн 59 сум, нийслэлийн гурван дүүрэгт, нийт 98 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.7 хувь өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65.768 га, хээрийн 565.569 га талбай, нийт 631.337 га талбай, таван байшин, 49 гэр, таван автомашин, долоон мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, таван тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Харин өнөөдөр /2025.05.28/ 11.00 цагийн байдлаар Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн таван суманд гарсан долоон ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 288 алба хаагч, 12 автомашин, орон нутгийн мэргэжлийн анги, Байгалийн тусгай хамгаалалттай газрын 151 хүн, 30 автомашинтай, 17 морьтой нийт 439 хүн, 42 автомашин, 17 морьтой ажиллаж байна.

Үүнээс Сэлэнгэ аймгийн Ерөө сум “Буурлын даваа” гэдэг энэ сарын 26-нд газар гарсан ойн түймэр, Булган аймгийн Сэлэнгэ сумын “Баруун голын даваа” гэдэг газар 27-нд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, бусад таван түймрийг цурамд оруулахаар ажиллаж байна.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа:

-Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гаригийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгон зарласан энэ өдөр маргааш буюу тавдугаар сарын 29-нд тохиож байна. Тус өдрийн хүрээнд иргэн, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан “Хяналтын хуудас”-ыг nema.gov.mn сайтад байршуулсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах "Аюулгүй өрх" хяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй.

Тиймээс иргэн бүр өөрийн болоод ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхэд 2-3 минутыг зарцуулж, үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалж, ирээдүйдээ хөрөнгө оруулахыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна