Улсын хэмжээнд 2022-2024 оны хооронд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал 2022 онд 50, 2023 онд 305 бүртгэгджээ.
Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэгдээ эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад осол гэмтэл нэмэгдсээр байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаа юм. 2024 оны байдлаар тухайн шалтгаант осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 74.4 хувиар буюу 1.7 дахин өссөн үзүүлэлт ажээ. Мөн тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.
Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл, мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдон гэмтэж, бэртсэн 383, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн 93, явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлсэн 48, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн 8 осол тус, тус бүртгэгджээ. Тухайн шалтгаант ослын үед толгой, тохой ба шуу, өвдөг ба шилбэ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.
2025 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 98 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ГССҮТ-өөс мэдээлэв.
Нийт тохиолдлын 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байна. Нийт осол гаргаж буй болон осолд өртөж байгаа иргэдийн 50 орчим хувийг 10-19 насныхан эзэлж байгаа нь бусад насны бүлэгтэй харьцуулахад их байгаа юм.
Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр мопедтой зорчигч суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас газар дээрээ нас барсан 1 тохиолдол ШШҮТ-д бүртгэгдсэн байна.
2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтсэн тохиолдлуудын 44.9% доод мөчний, 27.6% дээд мөчний гэмтлийн оношоор оношлогдсон бол, 18.4%-ийг толгойн гэмтэл эзэлсэн байна.
Цахилгаан дугуй, мопедыг унах шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Журмын дагуу сурроныг А үнэмлэхтэй , 18 наснаас дээш насныхан зөвхөн авто зам дээр хэрэглэнэ гэж тусгаж байгаа. Харин скүүтер, цахилгаан дугуйны хувьд явган замаар зорчвол 10 км/цаг эсвэл 5 км/цагаас бага байхаар хуульчилж байгаа аж. Хэрвээ явган зам нь тусдаа байвал дугуйн замаараа зорчино гэж заасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна