Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцууд бензин, түлшний үнийг урьдчилан мэдэгдэхгүйгээр нэмээд буй. Иргэд шатахууны үнийг аж ахуй нэгжүүд санаатайгаар нэмж байна гэж хардаж байгаагаа ч илэрхийлсэн. Тодруулбал, бензиний үнэ нийслэлд 200 төгрөгөөр нэмсэн бол орон нутагт 300-500 төгрөгөөр нэмээд байгаа юм. Харин үнэ нэмэх талаар холбогдох яаманд урьдчилан мэдээлсэн эсэх талаар тодруулахад дараах хариултыг өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өгсөн мэдээллээр, аж ахуй нэгжүүд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасан. Аж ахуй нэгжүүдийн гаргасан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэлээ.
Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг тавдугаар сарын 23-нд Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмсэн.
Шатахуун түгээгчдийн зүгээс ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнийг нэмсэн гэдэг тайлбарыг өгч байгаа гэсэн юм.
Ямартай ч одоогоор бензиний үнэ буураагүй байгаа бөгөөд дизель түлшний үнийг хуучин хэвээр худалдаалж байна.
Холбогдох байгууллагуудаас тодруулахад шатахууны хомсдол үүсээгүй. Үнэ нэмэх тодорхой шалтгаан нөхцөлийг холбогдох газруудад аж ахуй нэгжүүд ирүүлээгүй гэлээ. Харин аж ахуй нэгжүүдээс асуухад, бензиний жижиглэнгийн үнийг нэмсэн. Одоогоор бууруулах шийдвэр гараагүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна