Ам.доллар Монголбанкны албан ханшаар 3572.83 төгрөг байна

Admin
2025/05/19

Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны албан ханшаар 3572.83 байгаа бол юань 496.11 төгрөг байгаа юм. Арилжааны банкууд болон ББСБ-ын валют солих цэг, нийслэлийн валют солилцооны “Найман шарга” төвд ам.долларыг 18-28 төгрөгийн зөрүүтэй зарж байгаа бол юанынх 3.89 төгрөгөөр илүү байна. Тухайлбал, валют арилжааны "Найман шарга" төвд өчигдөр 14:51 цагийн ханшаар нэг ам.доллар 3595 төгрөгөөр авч 3605 зарж байлаа. Мөн юань авах үнэ 498 төгрөг бол зарах үнэ 503 төгрөг байв.

Төгрөгтэй харьцах гадаад валютын ханшийн өөрчлөлтийг харвал, ам.доллар энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 165.1 төгрөгөөр чангарсан бол сарын дотор 66.2 төгрөгөөр чангарсан байна.

Мөн евро өмнөх оны мөн үеэс 355.2 төгрөг, сарын өмнөхөөс 210.2 төгрөг, рубль өмнөх оны мөн үеэс 6.2, сарын өмнөхөөс 1.8 төгрөг, юань жилийн өмнөхөөс 18.7 төгрөг, сарын дотор 5.5 төгрөгөөр тус тус чангарсан дүнтэй байна. Энэ хэмжээгээр төгрөг суларсан гэсэн үг. Улмаар гадаад валютын эсрэг Монгол төгрөгийн дархлаа унаж байгаа нь иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгт итгэл суларч гадаад валютаар хадгалах сонирхол нэмэгдэж байна.

ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ ӨСӨЖ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ БУУРАВ

Үндэсний статистикийн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэлээр, төгрөгийн хадгаламж өмнөх жилээс өссөн ч өнгөрсөн сартай харьцуулахад буурсан дүнтэй байна. Тодруулбал, төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс дөрвөн их наяд төгрөг буюу 22 хувиар өссөн байна. Харин өмнөх сараас 37.9 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурчээ. Төгрөгийн хадгаламжийн 86.4 хувь нь буюу 19.1 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж бол 13.6 хувь буюу 3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж байна. Тэгвэл валютын хадгаламж 5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөг үеэс 466.6 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар, өмнөх сараас 201.9 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна