НИТХ-ын ээлжит бус V хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг өчигдөр болсон. Хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай асуудлыг хэлэлцсэн юм.Улмаар НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-г дэмжиж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.
Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд Метро байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарсан байдаг. Улмаар олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж БНСУ-ын тэргүүлэгч “Духа Инженеринг” ХК болон “Корэйл”, “Сусонг инженеринг”, “Корэй нэшенэл рэйлвей” байгууллагуудын консорциум шалгарч 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн байна
Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана.Метроны нэгдүгээр шугамын голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор туннель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийнэ. Туннел өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон байна.
Метроны төслийн төсөвт өртгийг мэргэжлийн байгууллагууд баталсан бөгөөд метроны нэгдүгээр шугамын төсөвт өртөг 2.4 тэрбум ам.доллар. Үүний 97.7 хувь нь бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах бол үлдсэн хувь нь захиалагчийн хяналт, газар чөлөөлөлт зэрэг бусад ажилд зарцуулагдах байна.Санхүүжилтийг 15 хувийг Нийслэлийн төсвөөс, үлдсэн 85 хувийг гадаад эх үүсвэрээс татахаар олон яриа хэлэлцэл, уулзалт хийгдэж байгаа.Мөн метроны төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын 28, Олон улсын 56 стандартыг мөрдөж ажиллахаас гадна олон талын хууль, эрх зүйн уялдаа холбоог хангаж ажиллахаар төлөвлөж байгаа юм.
Мөн Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ: "Төслийн төсөвт өртөг бодит зах зээлийн судалгаагаар хийгдсэн. Метроны 15 өртөөний 14 нь газар доогуур хийгдэнэ. Тэгэхээр өртөөнүүдэд нийтдээ 150-200 жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ явуулах орон зай гарч ирнэ гэж тооцоолж байна. Метроны шугам дагасан хотуудын эдийн засгийн үзүүлэлт эрчимтэй өсөж, үүнийг дагасан ажлын байрууд олноор нэмэгдэнэ. Эдийн засгийн эрчимтэй таталцал бий болох учир нийслэлд төвлөрүүлэх орлого ч нэмэгдэнэ. Тиймээс нийт төсөвт өртгөө 11 жилийн хугацаанд нөхнө гэж үзэж байгаа. Түрээс, зар сурталчилгаа, тасалбарын орлого зэргээс 29-30 жилийн хугацаанд төслийн өөрийн өртгөө бүрэн нөхнө гэсэн санхүүгийн тооцоолол гаргасан. Хоёр орны хамтарсан мэргэжлийн геологичид хөрсний судалгаа хийсэн. Хөрсний ямар нэг онцгой эрсдэл бол байхгүй гэдгийг тогтоосон байгаа. Метроны төслийн худалдан авах, ханган нийлүүлэгчээр аль болох дотоодын аж ахуй нэгж, туслан гүйцэтгэгчдийг оруулах хүсэлтэй байгаа.
Метроны ажлыг гүйцэтгэх хүрээнд 700 орчим ажлын байр бий болно. Түүнчлэн метрог ашиглалтад орсны дараа худалдаа, үйлчилгээг дагасан 150.000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн суурь тооцоолол гарсан.
Мөн метроны төсөлтэй зэрэгцээд мэргэжилтэн бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2025 онд ШУТИС-д метроны 4 анги элсэлт авахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Мөн ШУТИС-ийн 8 багшийг метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-д сургахаар явуулаад байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)