Монголын Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэн, Японы Хоккайдо Их Сургуулийн Музей, АНУ-ын Нью-Мексикийн Байгалийн Түүхийн Музей болон Канадын Калгаригийн Их Сургуулийн хамтарсан олон улсын судлаачдын баг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших хожуу цэрдийн Баянширээгийн (95.9-89.6 сая жилийн өмнө) насны хурдас хуримтлалаас холимог-идэшт үлэг гүрвэл Теризинозавр (Therizinosauria) -ын бүлэгт хамаарах шинэ төрөл, зүйлийн үлэг гүрвэлийг олж тогтоон, Duonychus tsogtbaatari хэмээх нэрээр шинжлэх ухаанд нэршүүллээ.
Duonychus tsogtbaatari шинэ төрөл, зүйлийн ясан биеийн олдвор хэсэгчилэн хадгалагдсан байсан бөгөөд, баруун талын бүтэн урд мөч, нурууны сүүлийн хэсгийн хэлхээтэй хэдэн нугалмууд, аарцагны нугалмууд болон бүрэн бус аарцагны ясны хэсгүүд хадгалагдсан байв. Уг шинэ төрөл, зүйлийн хоёр-хуруут сарвуу (didactyl) нь теризинозавр бүлгийн бусад удам төрлийн ойрын холбоотой төрөл, зүйлүүдэд өмнө мэдэгдэж байгаагүй өвөрмөц шинж тэмдэг тогтоогдсон бөгөөд энэхүү бүлгийн үлэг гүрвэлүүдийн хувьсал хөгжлийн судалгаанд нэгэн шинэ хуудасыг нээж өгсөн юм. Үүнээс гадна, сайн хадгалалттай хумсны эвэрлэг бүрхэвчийн (keratinous sheath) хэсэг хадгалагдан үлдсэн байсаныг олж тогтоосон байна. Уг мэдээлэлд тулгуурлан Duonychus tsogtbaatari -ын сарвууны үйл ажиллагааны онцлогыг уг судалгаанд мөн хамруулсан байна. Уг судалгаагаар, аварга хумс бүхий идэш тэжээлийн зүйлсээ шүүрэн авахад зохилдсон гурван хуруут сарвуутай бусад теризинозаврид үлэг гүрвэлүүдээс ялгаатай нь Duonychus tsogtbaatari нь тираннозавридын бүлгийн үлэг гүрвэлүүдийн (Тарбозавр, Алиорамус) нэгэн адил хувьсал хөгжлийн шатандаа сарвууны гурав дахь хуруугаа гээсэн байна. Гайхалтай нь, эвэрлэг хумсны бүрхэвч уг олдворт гурван-хэмжээст маягаар хадгалагдсан үлдсэн байв. Учир нь, үлэг гүрвэлийн олдворуудад эвэрлэг бүрхэвчийн хэсэг нь хадгалагдаж үлдэх нь маш ховор тохиолдол бөгөөд, энэ хэсгийн тусламжтайгаар тухайн үлэг гүрвэлийн сарвууны үйл ажиллагааг тогтоох мэдээллийн чухал эх үүсвэр болдог байна.
Холимог-идэшт теропод үлэг гүрвэл теризинозаврууд (Therizinosauria) нь Цэрдийн галавын туршид (145-66 сая жилийн өмнө) Ази болон Умард Америкийн газар нутгаар өргөн тархан амьдарч байсан. Эдгээр үлэг гүрвэлүүд нь урт хүзүү, жижгэвтэр модны навч хэлбэрийн олон тооны шүднүүд, болон аварга гогцоо хэлбэрийн хумс бүхий гурван хуруут сарвуугаараа тодорхойлогддог. Монголын цэрдийн цаг үеийн хурдаснаас дөрвөн төрөл, зүйл 1953-1983 оны хооронд олж тогтоогдсон байдгаас, Хожуу цэрдийн Нэмэгтийн цаг үе буюу одоогоос 71-66 сая жилийн өмнөх хурдаснаас аварга сарвуутай Теризинозаврус (Therizinosaurus cheloniformis) олж тогтоогдсон байдаг бол 95 орчим сая жилийн өмнөх Баянширээгийн цаг үеийн хурдаснаас Сегнозаврус, Segnosaurus galbinensis; Эрликозаврус, Erlikosaurus andrewsi; Энигмозаврус, Enigmosaurus mongoliensis зэрэг гурван төрөл зүйл тогтоогдсон байдаг гэж Монгол талын судалгааны багийн гишүүн доктор Ц. Чинзориг онцолсон юм.
Сонирхуулахад: 2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Хожуу цэрдийн Үрэлбэ худаг олдворт газраас уул, уурхайн Оюу Толгой компанийн гүний цэвэр усны хоолойн суваг, шуудуу ухалтын бүтээн байгуулалтын ажлын үеэр ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид үйл ажиллагааны явцад хяналт-үнэлгээ, дүн шинжилгээний цогц ажлуудыг гүйцэтгэх явцад олж тогтоон малтаж авсан бөгөөд олдворыг хурдас чулууллагаас нь салгах техник боловсруулалтын ажлыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн техник боловсруулалтын лабораторид эрдэм шинжилгээний туслах ажилтан, ахлах препаратор Ч. Баярдорж гардан боловсруулсан хэмээн ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Палеозоологийн салбарын эрхлэгч Б. Майнбаяр хэлэв. Судалгааны ажлыг Монголын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Умард Каролинагийн Их Сургуулийн доктор, судлаач Ц. Чинзориг, Хоккайдогийн Их Сургуулийн музейн палеонтологич, проф. Ё. Кобаяши, АНУ-ын Нью-Мексикийн Байгалийн Түүхийн Музей доктор А. Фиорилло болон Канадын Калгаригийн Их Сургуулийн доктор, профессор Д. Зеленицки бүрэлдэхүүнтэй олон улсын судлаачдын баг гүйцэтгэж, Хожуу Цэрдийн Баянширээгийн цаг үеэс теризинозавр үлэг гүрвэлийн бүлэгт хамаарагдах Duonychus tsogtbaatari хэмээх шинэ төрөл зүйлийг шинжлэх ухаанд нэршүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна