ТОДРУУЛГА: Менингококкийн халдвар авсан ГУРВАН НАСТАЙ хүүхдийн бие ХҮНД БАЙНА

М.Үүрээ
2025/03/12

2025 оны Нэгдүгээр сард Налайх дүүрэгт гурван настай хүүхэд Менингококк халдвар авч биеийн байдал хүнд байсаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ сарын 10-нд мөн дахин нэг тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар бид ХӨСҮТ-өөс тодруулахад,

" Баянзүрх дүүргийн ....хороонд уржигдар буюу энэ сарын 10-нд  гурван настай хүүхэд менингококкт халдвараар бүртгэгдсэн. Одоогоор ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа төдийгүй биеийн байдал хүнд байна” гэв.

                                           МЕНИНГОКОККТ ХАЛДВАР БУЮУ “ЦАХИЛГААН МЕНИНГИТ” ГЭЖ ЮУ ВЭ

Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд шинж тэмдэг 24 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол өвчтөн хурдан хүндэрдэг. Халдвар өвчтэй хүнээс агаар дуслын замаар дамжин халдварлана.

Менингококкт халдвар нь арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.

Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч нян нь 36-37 градусын дулаанд үрждэг.

Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог.

Үржих таатай температур нь 36-37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтаах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг.

Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан их өвддөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.

                                                                             МЕНИНГОКОККИЙН ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ

Илрэх шинж тэмдгүүд:

Гэнэт өндөр халуурах

Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)

Хүүхэд уйлагнах

Гэдэс нь өвдөх (1-2 удаа шингэн суулгах)

Толгой өвдөх, хоолонд дургүй болох

Бөөлжилт нь гэнэт, хоолтой холбоогүй, олон удаа, бөөлжөөд биед сайжрал өгөхгүй

Хүзүү хөших, ухаан санаа самуурах

Бүх биеэр тууралт гарна (ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно).

Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Иймээс гэр ахуйн орчинд цэвэрлэгээ ариутгалыг сайн хийхийг зөвлөж байна.

                                                                     МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх

Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах

Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах

Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх

Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх

Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна