Хийн, цахилгаан халаагуурт шилжвэл таны төлбөрөөс 100 хүртэл мянган төгрөг хөнгөлнө

Admin
2025/03/10

Гэр хорооллын өрхүүдийг үе шаттайгаар хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Нэн тэргүүнд өрхүүд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлш буюу сайжруулсан түлшнээс татгалзаж, хийн болон цахилгаанаар халаалтаа шийдье гэдгээ илэрхийлэх ёстой гэв.

Тэрээр “Эхний ээлжид ирэх халаалтын улирлаас өмнө 10 мянган айлыг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хийн халаагуурт шилжүүлэх боломжтой. Иргэд хийн хэрэглээнд төдийлөн дасаагүй байгаа учраас хийн халаагуур хэрэглэхгүй гэвэл цахилгаан халаагуур сонгох боломжийг олгоно. Гэхдээ нэн тэргүүнд дулаан алдалтаа бууруулах шаардлагатай.

Бид хэд хэдэн төрлийн хийн болон цахилгаан халаагуурыг туршиж үзсэн. Хүчин чадлын хувьд 50 ам метр хүртэлх болон түүнээс дээш талбайтай байшинд хэрэглэх гэсэн сонголтууд бий” гэсэн юм. Хэрэглээний үнийг дарамтгүй байдлаар шийдэхийн тулд “Таван толгой түлш” ХХК-ийн түлшийг иргэдэд хямд үнээр хүргэхийн тулд хөнгөлж буй нөхцөлөөр шийдэх боломжтой аж. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг 30 мянган өрхөөр бодож хасаад, түүний өртгийг хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн айл өрхүүдийн хэрэглээнээс сард 100 хүртэл мянган төгрөгөөр хөнгөлөхөөр хотын удирдлага төлөвлөжээ.

Нэмээд хэлэхэд шөнийн хэрэглээний тариф хөнгөлөлт дээр нэмээд хийн болон цахилгаан халаагуурын хөнгөлөлт ирэхээр хэрэглэгчид дарамтгүй хувилбар үүснэ.

Өрхүүдэд аюулгүй ажиллагаа, хэрэглээ талаас нь заавар зөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд өгнө. Ингэж яндангаа буулгаж, агаарын бохирдлоосоо сална гэж Х.Нямбаатар дарга мэдээлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна