Л.Энх-Амгалан: Шинээр батлах хуулийн төсөлд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан

Admin
2025/03/07

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээжүүд” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр  Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ "Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 2024 онд улсын хэмжээнд 57.3 мянган эх амаржиж, 57.8 мянган хүүхэд шинээр мэндэлжээ. Эх хүүхдийг дэмжих бодлогын хүрээнд Эхийн алдар I, II одонгийн мөнгөн урамшуулалд 2024 оны байдлаар 259.7 мянган эх хамрагдаж, 32 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид 172.1 мянган эх, эцэг хамрагдаж 73.2 тэрбум, 1.3 сая хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.5 их наяд төгрөгийг тус тус зарцуулжээ. 2025 оноос Эхийн алдар одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн.

Цаашдаа манай улс гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлж, гэр бүлийн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг дэмжих, ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Энэхүү хууль батлагдсанаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, бага насны болон олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, олон хүүхэдтэй болон залуу гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэнэ. Монгол Улсын хөгжил дэвшлийг авч явах, ирээдүйн иргэдийг төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа та бүхэндээ талархал илэрхийлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.




0
angry
0
care
0
haha
2
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна