“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаагаар урьдчилсан байдлаар 44 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ

Admin
2025/02/28

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа "Их наяд" болон "Соёолж молл" худалдааны төвд нэг сарын турш үргэлжилж, борлуулалтын үр дүнгээ танилцууллаа. 

Уг цогц арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, 50 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр сурталчлан борлуулсан. Тодруулбал, урьдчилсан байдлаар 44 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээсэн бөгөөд энэ тоо өнгөрсөн оны 50 гаруй тэрбум төгрөгийн бараа эргэлтийг давах төлөвтэй байгааг нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Д.Ундармаа "Амар байна уу 2025" цогц арга хэмжээний хаалтын үеэр онцолсон юм. 

Түүнчлэн “Амар байна уу 2025” цогц арга хэмжээний төгсгөлд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвөөс шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулж, талархлын бичиг гардуулав. Тухайлбал, шилдэг оролцогчоор Хан-Уул дүүргийн жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв шалгарлаа. 

Энэ жилийн тухайд уг цогц арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нэрэмжит өдөрлөгийн үйл ажиллагаа, амралтын өдрүүдэд нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулснаараа онцлогтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна