Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг ОГЦРУУЛАХААР УИХ-ын гишүүд хөдөлж эхэлжээ

Үүрийнтуяа
2024/11/12

Монгол Улсын 2025 оны төсвийн асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар “Тодотгол” хийнэ гэх нэрийн дор эцэслэн батлагдлаа.  Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төслийг хэт их тэлэлттэй, үрэлгэн байна гэж УИХ-ын гишүүд төдийгүй иргэдийн дунд ч шүүмжлэл дагуулаад байсан юм. Үүнтэй холбоотойгоор төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага тооцох, цаашлаад огцруулах асуудал ч хөндөгдөөд буй.

Эх сурвалжийн мэдээллээр, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүнийг байнгын хорооны даргаас нь огцруулж эргүүлэн татахаар УИХ-ын гишүүд хөдөлж эхэлжээ.

Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд Ц.Даваасүрэнд хариуцлага тооцох ёстой талаар байр сууриа илэрхийлж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, “Засгийн газраас маш их тэлэлттэй төсөв өргөн барьж, Төсвийн тогтвортой байдалд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудаар замыг нь зассан гэж хэлж болно. Хамгийн гол нь УИХ-ын онцгой бүрэн эрх буюу төсөв батлах эрх хангалттай хэрэгжсэнгүй. Учир нь Монгол Улсын түүхэнд анх удаа УИХ нь Засгийн газраас өргөн барьсан төсвийг тэр чигт нь баталчихлаа.

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Дэгийн тухай хуультай холбоотой олон алдаа дутагдлууд гарсан. Жишээ нь шинэ дэгээр бол зарчмын зөрүүтэй саналыг байнгын хороонд хоёр хоногийн өмнө өгсөн байх, гишүүдийн үг хэлэх процес зэрэгт асуудал гарч байсан. Улмаар өнгөрсөн баасан гарагт улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төхөөрөмжөөр бус гар өргөж, санал хураалаа. Ийнхүү төсвийн хэлэлцүүлэг туйлын хариуцлагагүй байдлаар явагдсан гэдэг утгаар нь төсвийн байнгын хорооны дарга бөгөөд төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажилласан Ц.Даваасүрэн улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэсэн саналыг АН-ын бүлэг гаргалаа. Мөн төсвийн тодотголтой холбоотой АН-ын ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна