ЦЕГ: Хуурамч хаягаас “УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төрийн байгууллагын ажил хэргийн алдар хүндэд санаатайгаар халдлаа” гэсэн гомдол мэдээлэл ирүүлсний дагуу NTV-д албан бичиг хүргүүлсэн

Үүрийнтуяа
2024/11/08

УИХ-ын Гишүүн Д.Энхтүвшинтэй төсвийн булхайн талаар ярилцсан NTV телевизэд ЦЕГ иргэний гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг өчигдөр эхлүүлсэн байна. Тодруулбал, өчигдөр орой 21 цаг 45 минутад гарсан “Лхагвын тойм” нэвтрүүлгээр УИХ-ын Гишүүн Д.Энхтүвшин оролцож, төсвийн талаар шүүмжлэлтэй ханддаг асуудлуудыг ярилцсан. Эл нэвтрүүлэгт иргэн гомдол мэдүүлсний дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгалтын ажиллагаа явуулж, NTV телевизэд шаардах хуудас өгсөн юм.

Энэ тухай Д.Энхтүвшин, "Мөрдөн шалгалтыг ямар хурдан эхлүүлж байна аа. Айна гэж бодоод байгаа юм байх даа. Ард түмний эрх ашгийг илэрхийлсний төлөө сангийн яамны хэн нэгэн даргын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлэх бол өөрөө яваад очъё, хаана очих уу. Зүгээр яриа авсан хэвлэлийн байгууллагыг дарамтлах хэрэггүй, нэвтрүүлэг нь бүтнээрээ сошиал дээр байгаа" гэж өөрийн цахим хуудаснаа бичсэн.

Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс дараах хариу мэдэгдлийг гаргаад байна.

Тус мэдэгдэлд, Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үедээ “Сангийн яам гэнэт 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Үүнийг тойргийн гишүүдэд хувааж өгье. Жагсаалтын гишүүд хоёр туслахтай байж болно. Энэ мөнгө төсөв дотор байна” гэж ярьсан мэтээр илт худал мэдээллийг “Enkhmend Surenjav” гэх хуурамч хаягаас олон нийтийн цахим сүлжээнд тарааж, төрийн байгууллагын ажил хэргийн алдар хүндэд санаатайгаар халдлаа” гэх гомдол, мэдээллийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн.

Гомдол, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад “Enkhmend Surenjav” гэх цахим хаяг нь хуурамч болох нь тогтоогдож, гомдолд дурдагдсан асуудал нэвтрүүлгийн үеэр яригдсан эсэхийг тогтоох зорилгоор бичлэгийг хуулбарлан авахаар NTV телевизэд албан бичгийг хүргүүлсэн. Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Энхтүвшинг дээрх гомдол, мэдээлэлд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй болохыг үүгээр мэдэгдье" гэжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна