“Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нээлттэй шүүе" хэлэлцүүлэгт дараах хүмүүс оролцоно

“Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нээлттэй шүүе” сэдэвт салбар салбарын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг өнөөдөр 19 цагт шууд явагдана.

Тус хэлэлцүүлэгт Сэтгүүлч М.Батбилэг, С.Будрагчаа, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, хуульч П.Эрхэмбаяр, хуульч Б.Батзориг, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нар оролцоно.

Ташрамд дурдахад: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оногдуулсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”, 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”, 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан юм. Н.Өнөрцэцэгийн зүгээс “Шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр, хаалттай явуулж намайг хэлмэгдүүллээ” гэж үзэж буй.

Тэгвэл өнөөдөр /2024.11.04/ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ болон Глоб интернэшнл төв, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Монголын телевизүүдийн холбоо зэрэг салбарын холбоодууд нэгдэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг олон нийтэд, нээлттэй явуулж өгөх хүсэлтийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан.

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна