Хүүхдийн 100 МЯНГАН төгрөгийг ХАЛАМЖААС ХАСНА гэв үү

Үүрийнтуяа
2024/09/28

Жил бүрийн төсөв хэлэлцэх бүрт өгнө, өгөхгүй, хасна, хасахгүй гэсэн маргаан дагуулдаг сэдэв бол хүүхдийн мөнгө. Энэ жилийн хувьд ч мөн энэ маргаан үргэлжлэх бололтой. Учир нь сонгуулийн дараа Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар шинэхэн томилогдсон Л.Энх-Амгалан сайд хүүхдийн мөнгийг хасаж магадгүй талаар дурьдлаа. 

Тэрбээр хэлэхдээ, Хүүхдийн мөнгийг халамжийн зардалд оруулдаг. Төсвийн халамжийн зардал 2.2 их наяд. Үүний 1.6 их наяд нь хүүхдийн мөнгө байна. Хүүхдийн мөнгө, одонтой ээж, цалинтай ээж, насны хишиг гэх мэт халамжийн бус нийгмийн хамгааллын зохицуулалтыг Халамжийн хуулиар зохицуулж ирсэн нь халамж хавтгайрсан гэж яриад байдаг. Тиймээс цаашдаа аль нь халамж, аль нь нийгмийн хамгааллын бодлого вэ гэдгийг салгаж, тогтолцооны шинэчлэл хийнэ. Манай халамжийн 100 төгрөг тутмын 30 төгрөг нь л зорилтот бүлэгтээ очиж байна. Үндсэндээ 70 төгрөг нь зорилтот бус өндөр орлоготой айл өрхөд очиж байна. Ж.Оджаргалын эхнэр цалинтай ээж авах, Ц.Баатарсайханы ач хүүхдийн мөнгө авах ёстой юу гэдэг асуудалтай л тулгараад байна гэсэн үг. Дэлхийн банк ч манай улсын халамж зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна гэдэг зөвлөмж өгөөд байгаа. Тиймээс бид цаашдаа халамжийн тогтолцоогоо эргэж харна гэжээ.

Өнгөрсөн жил Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийж, нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарч. Харин үлдсэн 9 хувь нь өрхийн орлого өндөр гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдаад байв. 

 

Тэгвэл хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх мянган ээж нэгдэж санал, гомдлоо төрийн гурван өндөрлөгт хүргүүлж эл асуудлыг хүсэлт гаргасан хүүхэд бүрт 100 мянган төгрөгөөр олгохоор шийдвэрлэсэн байдаг. 

Дэлхийн олон оронд гурав болон түүнээс дээш хүүхэдтэй бол олон хүүхэдтэй гэр бүл гэж үздэг. Манай хойд хөршид гэхэд хүн амын өсөлтийг дэмжих үүднээс 2007 оноос 429,408 рублийн эхийн урамшууллыг 10 жилийн хугацаатай нэвтрүүлж, хоёр дахь болон дараагийн хүүхдэд олгогддог.

Мөн түүнчлэн дэлхийд анх өндөр настны тэтгэврийг нэвтрүүлсэн Шинэ Зеланд улс нийгмийн халамжийн бодлогоор үлгэр жишээ орон. Энд хүүхдийн тэтгэмжийг олон цөөн гэж ялгалгүй анхны хүүхдээс эхлэн олгодог аж. Иймээс дараагийн хүүхэд төрөх бүрт тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ. Хүүхдийн тоо болон орлогоос шалтгаалан олгогддог “хүүхдийн мөнгөний” хэмжээ жилд дунджаар 60-100 мянган шинэ зеландын доллар байдаг аж. Үүнээс гадна байр орон сууц, төрөх үеийн, нярайг асрах гэх мэт олон төрлийн хөнгөлөлт дэмжлэг эдэлдэг байна.

Бусад улс орон иймэрхүү тэтгэмж олгож, төрөлтийг дэмждэг. Харин манай улс жил бүр хүүхдийн мөнгийг өгнө, өгөхгүй гэж маргана. 

Хэрвээ төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхийг хүсвэл хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх нь хэрэгтэй гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Ер нь цөөн хүн амтай улс үндэстний хувьд үр хөндөлтийг бус төрөлтийг дэмжих оновчтой бодлого амьдралд бодитоор хэрэгжих нь чухал юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна