ийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Т.Аюурсайхан нарын 11 хүний давж заалдах гомдлыг шүүн хэлэлцэж өчигдөр шийдвэрээ гаргалаа.
Анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, хэргийн талаар зарим шүүгдэгчид холбогдох хэргийг улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бүрэн хийгээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилсөн, хүчингүй болгон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэсгийг зөвтгөн өөрчилж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Батхишигт эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.
Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна гэж үзэв. Иймд шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг, мөн шүүгдэгч Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгов. Ингээд шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасч, ялыг хоёр жил зургаан сар хорих, шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт гурван жил есөн сар хорих, шүүгдэгч Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил хорих ялаар тус тус тогтоож, бусад нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан хорих болон торгох ялыг хэвээр үлдээж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Б.Отгонжаргал, И.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх Т.Аюурсайхад гурав, Б.Ганхуягт таван жил есөн сарын хорих ял оноосон юм. Харин давж заалдах шатны түүх Т.Аюурсайханы хорих ялыг хоёр жил зургаан сар, Б.Ганхуягийн хорих ялыг гурван жил есөн сар болгон бууруулжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна