Бид нийгмийн сэтгэлзүйн хямрал, гашуудлаас гарах аргын талаар Сэтгэл зүйч Ц.Энхтөртэй ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу та? Тэгэхээр ярилцлага аа нийгмийн сэтгэл зүйн гашуудлын талаар эхлүүлье. Өчигдөр болсон ослын улмаас гурван алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Улмаар нийгэм бүхэлдээ гашуудаж байна. Гудмаар алхаж буй хүмүүс нэг л уйтай, жолооч нар дуут дохиогоо чанга дугаргахгүй ихээр гашуудаж байгаа. Тэгвэл нийгмийн сэтгэл зүйн гашуудал, шокийг яаж эрүүлээр даван туулах боломжтой юм бэ?
-Саяхан харамсалтай үйл явдал болсон. Энэ бол болсон явдал. Бид цаашаа явах хэрэгтэй байна. Энэ дээр зогсоод байвал бидний сэтгэлд зүй улам таагүй болно. Таагүй үйл явдалд улам анхаарал хандуулаад, гашуудаад байвал жинхэнэ сэтгэл зүйн эмгэгүүд үүсэж эхэлнэ. Стресс үүсэж эхлээд цаашлаад деппресс болно. Тэгэхээр бид цаашаа явах хэрэгтэй. Энэ олон нийтийн сүлжээнд гараад байгаа бичлэгээ давтан үзээд баймааргүй байна.
- Олон нийт энэ үйл явдлаас болж ихээр гашуудаж байгаа. Тэгвэл хамтран зүтгэж байсан алба хаагчдын гашуудлыг үгээр тодорхойлшгүй. Тэдгээр хүмүүст энэ асуудлыг хэрхэн даван туулах талаар зөвлөмж хүргэнэ үү?
- Ослын дараах сэтгэл зүйн гашуудалтай олон хүмүүс эмчилж байсан. Жишээ нь өнөөдөр манайд орж ирлээ. Хуучин албанд ажиллаж байсан хүн юм. Тухайн хүнтэй ажиллаж байхдаа хүн болоод нийгэмд стресс их байгааг анзаарлаа. Уй гашуу гэдэг ухамсраар шийдвэрлэгддэг асуудал биш. Энэ зүйл мэдрэмжид байдаг. Мэдрэмжүүдээ л илэрхийлэх нь зүйтэй. Манайхан ер нь мэдрэмжээ илэрхийлдэггүй талдаа хүмүүс. Ярилцах, уйлах шаналах хэрэгтэй. Сатааруулах биш төвлөрөөд илэрхийлэх хэрэгтэй. Дотроо дараад, сатаараад орхичихвол удаан цаг хугацааны дараа ч сэтгэл хөндүүрлээд байдаг. Тэгэхээр мэдрэх, илэрхийлэх, цаг гаргах, мэргэжлийн хүмүүсээс тусламж авч болдог.
-Хүн бүр амьдралдаа гашуудлыг мэдэрдэг.Мэдээж хүн бүр өөрөөр гашуудлыг мэдэрч, даван туулдаг байх. Харин гашуудаж буй хүмүүс нийтлэг ямар мэдрэмжтэй байдаг вэ?
-Гашуудалд орсон хүн ингэдэг юм. Энэ гашуудал нь над дээр л байна. Би л ганцаараа туулаад байна гэж боддог байхгүй юу. Жишээлбэл өнөөдөр миний таньдаг хүн нас барчихвал би ямар азгүй юм бэ гээд л. Аан нийтээр нь харах юм бол энэ асуудлыг хүн бүр туулж яваа. Жишээлбэл Украйнд дайн болж байна уу? Болж байна. Африкт хэцүү байна уу? Хэцүү байна. Тийм уу? Хөдөөгүүр зудын байдалд орсон сумууд байгаа юу? Байгаа. Малчдад хэцүү байгаа юу? Байгаа. Гэтэл тэр хүний сэтгэл зүй өөрийн зовлон дээр л төвлөрөөд байдаг. Энэ бүгдийг өөр өнцгөөс, өргөн хүрээнд харж чадвал хүн амархан тайвширна. Гашуудлаас хурдан л гарах хэрэгтэй. Тэгж байна урагшилна шүү дээ. Өөр сайхан зүйл дээр анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг.
- Ер нь нийгмийн сэтгэл зүйд мэдээллийн салбар болон олон нийтийн сүлжээ хэрхэн нөлөөлж байна вэ?
- Сошиал ертөнц өмнө нь байгаагүй. Тэгэхээр өмнө нь бид хэдэн цэгээс л мэдээллээ авдаг байсан. Цэнхэр дэлгэц ээ хараад л. Харин одоо хүн бүр сурвалжлагч, мэдээлэгч болсон. Зөв үү? Хаанаас ч мэдээлэл авч болохоор байна. Хүний тархи юуг амархан хүлээж авдаг вэ гэвэл муу муухай явдлыг маш их хүлээн авдаг. Сайн сайхан зүйлийг анзааргагүй өнгөрүүлдэг. Иймд яг энэ сошиал ертөнцөд явж байгаа хүний хувьд сайн зүйл байгаа юу гэвэл байгаа. Үүнийг бидний тархи дараа нь хүлээн авдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл муу мэдээг их шүүрч авч байгаа болохоор их харагдаж байгаа юм биш үү? Уг нь их бол биш. Их дотор сайн нь бас байгаа. Тэрийгээ бид авахгүй байна. Хүн өөрөө ямар мэдээлэл авах вэ? Сайныг нь авах уу? Мууг нь авах уу? Гэдгийг сонгох шаардлагатай. Муу юм гараад байвал тэрийг бид өнгөрөөж болно шүү дээ. Гарч ирж байгаа асуудалдаа биш. Бидний хүлээн авч байгаа байдалд асуудал байгаа юм. Сошиал ертөнц бол муу юм ердөө биш.
-Та сая мэдээллийн хэрэгсэл нийгмийн сэтгэл зүйд шууд нөлөөтэй гэж тайлбарлалаа шүү дээ. Тэгвэл цаашдаа яаж хүн өөрийн сэтгэл зүйд хэт нөлөөлөхгүйгээр мэдээлэл авах вэ?
-Нийгэм гэдэг биднээс бүрдэж байгаа. Тийм ээ. Гэхдээ нийгэм дээр хоёр таагүй үйл явдал болдог юм. Нэг хэсэг нь зохиомол маркетинг их орсон гэсэн үг. Энэ дээр нэг ийм юм хийгээд хүмүүсийн харааг тогтоож байгаад дараагийн нүүдлээ хийе гэдэг зүйл. Зөв биз? Нөгөөх нь болохоор саяны үйл явдал шиг өөрөө бий болж байна. тэгэхээр нийгмийн сэтгэл зүй эрүүл байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр сошиал ертөнц сайн юм байгаа гэдгийг гаргах хэрэгтэй. Яагаад нийгэм бүхэлдээ сэтгэл зүйгээр унадаг вэ? Гэвэл сайн зүйлсийг олж харахгүй болоод эхэлнэ. Эсвэл сайн санаатай, сайхан үйлс бий болгож байгаа хүмүүсийг дуу хоолой багасахаар л муу зүйл рүү илүү их хардаг гэж ойлгох хэрэгтэй. Жишээлбэл дайн боллоо. Гэхдээ дайнд байгаа ард иргэд ч сөрөг хүчнээ ялахад баярладаг шүү дээ. Хэдийгээр нийтээр харвал дайн болж байгаа ч олж харах сайн зүйл байдаг. Яг өнөөдөр ийм л зүйл чухал байна. Маш гоё бичлэгүүдийг тавих хэрэгтэй. Хүнд сануулах хэрэгтэй. Мөн зохиомол муу мэдээг бага гаргаж, сайн мэдээг тэнцвэртэй мэдээлж чадвал нийгэм сэтгэл зүйн шокоос хурдан гарах боломжтой.
- Ярилцлага өгсөн танд баярлалаа.
.
Сэтгүүлч: А.Булганчимэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна