НӨАТ: 51-ээс дээш баримт бүртгүүлээд 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой

НӨАТ-ын сугалааны шууд тохирлоор азтан тодруулахаа болиод зургаан сарын хугацаа өнгөрч буй. Энэхүү сугалааны тохирлыг зогсоосноос хойш иргэдийн баримт бүртгүүлүүлэх идэвхи буурсан төдийгүй энэ асуудал дээр иргэд хуваагдсан байр суурьтай байсан юм. Тэгвэл энэ тохирлыг эргэн явуулахаар болж хугацааг 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр товложээ. Энэ удаагийн сугалааг есдүгээр сарын 1-30-ны хооронд бүртгүүлсэн төлбөрийн баримтаар явуулах юм.

Журамд зааснаар тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулах аж. Сугалааны дугаарын найман цифр нь бөмбөлөг үлээлгэн тодруулсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал нэгдүгээр зэргийн урамшуулал буюу супер шагналыг олгоно.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.

Сугалааны сүүлийн гурваас долоон орон тохирч азтан болсон бол Ebarimt апплэйкшны хэрэглэгчийн хэсэгт хандаж сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулна. Харин супер шагналын эзэн мөн хэрэглэгчийн хэсэгт хандаж хүсэлтээ баталгаажуулан, харьяа татварын албанд биечлэн очиж, урамшуулал авах хүсэлтээ иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбарын хамт бүрдүүлж өгч байж авах журам үйлчилнэ.

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна