Нээлттэй хаалганы өдөрлөгөөр мотоциклын бүртгэл, дугаар олголтыг газар дээр нь хийж байна

Admin
2026/06/16

Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зохион байгуулж буй Зам, тээврийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээгээр салбарын үйл ажиллагааг танилцуулахаас гадна автотээврийн цогц үйлчилгээ, салбарын сургуулиудын элсэлтийн бүртгэлийг нэг дор төвлөрүүлжээ.

Өдөрлөгийн үеэр Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн холбогдох албаны хүмүүс иргэдэд газар дээр нь мэдээлэл өгч байна. Тус төвийн зүгээс нийслэл хотын агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор цахилгаанаар явдаг автомашинуудад улсын дугаар давуу эрхтэйгээр олгож байгааг тайлбарлав.

Харин өдөр тутмын хэрэгцээний 3.5 тонн хүртэлх жинтэй, бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины дугаар олголтод хязгаарлалт хийж байгаа аж.

Тоон мэдээллээр, Нийслэл хотод 750 мянга орчим автомашин зорчих нь зохистой түвшин боловч одоогийн байдлаар энэ тоо 800 мянга давсан. Тиймээс түгжрэлийг сааруулах хүрээнд 10-аас дээш жилийн насжилттай автомашинуудыг устгалд оруулах эсвэл орон нутаг руу шилжүүлэх зохицуулалтыг хийж байгаа талаар мэдээлэл өглөө.

Мөн "Автотээврийн Үндэсний Төв" ТӨҮГ-аас мотоциклын улсын бүртгэлийг газар дээр нь хийж, дугаараа авч амжаагүй жолооч нар улсын дугаараа шууд сонгон авах боломжийг бүрдүүлжээ. Үйл ажиллагааг зохион байгуулж буй зохицуулагчдаас тодруулснаар өдөрлөгийн үеэр иргэдээс ирж буй санал хүсэлт, өргөдөл их байгаа аж.

Харин иргэдийн зүгээс "Талбай дээр ийм арга хэмжээ болж байгааг хараад зүгээр сонирхоод орж ирлээ. Хэрэгцээтэй олон үйлчилгээг нэг дор цуглуулсан байна" хэмээн ярьж байлаа. Түүнчлэн өдөрлөгийн үеэр УБТЗ-ын төв эмнэлэг гэсэн хэсэгт ахмад настнууд олноор цугларч, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг идэвхтэй авч байв. Үүнээс гадна зам тээвэр, төмөр замын салбарт ажиллах хүсэлтэй залууст зориулж Төмөр замын их сургууль болон Политехник коллежийн элсэлтийн бүртгэл, мэдээллийн павильонууд ажиллаж байна. Тоглолт, сугалаа, ховор автомашины үзэсгэлэн зэргийг багтаасан тус өдөрлөг энэ сарын 17-ныг дуустал Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна