УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төсөл батлагдсанаар одоогийн хуулиар зөвхөн жилийн 36 сая төгрөг хүртэлх цалингийн орлоготой иргэдэд үзүүлдэг 240 мянга хүртэлх төгрөгийн шаталсан хөнгөлөлтийг орлогын хэмжээнээс үл хамааран бүх иргэдэд эдлүүлэх, үйл ажиллагааны орлоготой иргэдийг хамруулах, хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх аж.
Ингэснээр хөдөлмөр эрхэлж буй бүх иргэн сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогодоо 100 хувь орлогын татвараас хөнгөлүүлж, тухайн жилийн татварын тайлангаа тооцож баталгаажуулах юм байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал яригдлаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Миний өмнө ярьсан гишүүн Хувь хүний орлогын албан татвар манай улсад тийм ч өндөр биш, багасгаад байх хэрэггүй гэлээ. Тэгвэл нөгөө талдаа манай улсын авлига ямар байгаа билээ. Хувь хүний орлогын албан татвараас бүрдүүлсэн төсвөө бид яаж зарцуулдаг билээ.
Нийт дундаа асуудлаа шийдээрэй гээд татвар хурааж авчхаад асуудлууд нь гамшгийн хэмжээнд хүртээмжтэй бус, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлээгүй байж нөгөө хүмүүсээс олон улсын жишигт байдаг татвараа төл гээд байгаад л иргэд маань цөхрөөд байна. Биднээс авсан татвараар төр нь хийх ёстой ажлаа хийж чаддаг бол иргэд бухимдахгүй.
Амьдралаа авч яваад хичээл зүтгэл гаргаж буй иргэдийг ерөөсөө дэмжих бодлого явуулахгүйгээр "та нар дундаж давхарга, илүү төлдөг байх ёстой" гээд өнгөрсөн 30 жил яваад байсан. Гэтэл ид ажиллах насны залуу гэр бүл "Монголд амьдрах бололцоо алга, хөдөлмөр үнэлэхгүй байна" гээд Солонгос, Австрали гэх мэт хөдөлмөрөө үнэлүүлдэг улсууд руу яваад байна. Дунд сургуулиа төгсөж буй хүүхдүүд яаж гадагшаа явах уу гэдэг бодолд автчихсан байна. Энэ өөрөө гамшгийн хэмжээнд хүрлээ.
Бид залуу хүн амтай улс. Хөдөлмөрөө дэмжээд өгвөл тусламж хэрэгцээгүйгээр аваад явчхаж чадна. Хоёр сая төгрөг гэдэг чамлалттай дүн, ажилд ороод 1-2 жил болсон хүний цалингийн хэмжээ. Тиймээс хөдөлмөрийн зах зээлд байгаа хүмүүсээ дэмжмээр байна.
Хуулийн төслийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хувь хүний орлогын албан татвар 10 хувь байсныг 15, 20 хувийн шатлалтай болгосныг 2022 оны төсөв дагуулж баталсан. Би эсэргүүцээд дийлээгүй. Бид алхам алхмаар явна. Хоёр сая төгрөгийн шатлалыг баталж, хэрэгжүүлээд 1-2 жил явж үзье.
Залуучууд гадагшаа гарч явж буй асуудалд үнэхээр сэтгэл санаа зовниж байгаа. Гэхдээ энэ бол муу зүйл биш. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр цаашаа урагшлах ямар ч боломжгүй. Иргэд, залуучууд маань гадагшаа явж нүд тайлъя гэж боддог. Ер нь залуудаа гадагшаа явах их сайн байдаг. Би оюутан байхдаа нэг жил Солонгост "хар ажил" хийж байсан туршлагатай.
Энэ нь эргээд залуу хүмүүст маш сайн туршлага болдог. Ажил хийж, бие дааж сурдаг. Гэхдээ энд амьдрах боломжийг нэмэгдүүлж өгөх ёстой. Өнөөдөр амьдралын чанар яалт ч үгүй сайн биш байгаа. Авч буй цалингаас нь хамаг юмыг татварт аваад явчихдаг. Эргээд тэтгэвэр тогтоолгоход шууд ядуурлын эгнээнд шилждэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна