Тайландын гүнж Бажракитияаба гурван жил комад байсны эцэст 47 насандаа өөд боллоо

Admin
2026/06/12

Тайландын гүнж Бажракитияаба гурван жил гаруй хугацааг комад өнгөрүүлсний эцэст 47 насандаа өөд боллоо. Тэрээр 2022 оны арванхоёрдугаар сард ноходтойгоо хамт дасгал хийж байгаад гэнэт ухаан алдаж унасан. Түүний өвчний шалтгааныг эмч нар зүрхэнд нь үүссэн микоплазмын халдварын улмаас бий болсон зүрхний хэм алдагдалтай холбон тайлбарлажээ.

Гүнж Бажракитияаба нас барснаар Тайландын хааны гэр бүл хамгийн их олон нийтэд танигдсан, амжилттай яваа гишүүнээ алдав. Үүний зэрэгцээ хаан ширээ залгамжлалд чухал үүрэг гүйцэтгэж ч магадгүй байсан хүнээ алдлаа.

Тайландын хаан Важиралонкорн долоон хүүхэдтэй бөгөөд гүнж Бажракитияаба хамгийн том охин нь юм.

Эмч нар гүнжийг комад байх хугацаанд хангалттай их анхаарал халамж тавьж, эмчилсэн ч түүний биеийн байдал тасралтгүй муудсаар байсан гэдгийг хааны ордны мэдэгдэлд дурджээ. Гүнж Бажракитияаба зургадугаар сарын 11-ний өдөр Чулалонкорн эмнэлэгт орон нутгийн цагаар 19:48 цагт таалал төгссөн байна.

Тэрээр АНУ-ын Корнеллийн их сургуульд мастер хамгаалжээ. Хуульчаар мэргэшсэн гүнж Бажракитияаба эх нутагтаа эргэн ирэхээсээ өмнө Нью-Йорк хотод НҮБ-д түр хугацаанд ажилласан байдаг. Харин Тайландад эргэн ирсэн хойноо нийслэл Бангкок болон бусад хотод байрлах Ерөнхий прокурорын газруудад ажиллажээ. Тэрээр 2012-2014 онд Тайландын Австри дахь Элчин сайдаар ажилласан бөгөөд энэ хугацаандаа НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газартай харилцаа тогтоож байв. Мөн НҮБ-ын Мансууруулах бодистой тэмцэх газрын Элчин сайд болж, Тайландын эрүүгийн шүүхийн тогтолцооны шинэчлэлийг дэмжиж ажиллажээ. Түүний хийсэн ач холбогдолтой олон ажлын нэг нь шоронд хоригдож буй эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн явдал юм. Тайланд улс эмэгтэй хоригдлуудын тоогоороо дэлхийд тэргүүлдэг билээ.

Хувь хүнийхээ хувьд гүнж Бажракитияаба фитнес сонирхдог байсан бөгөөд холын зайн гүйлтэд байнга оролцдог байжээ.

Тайландын хаан Важиралонкорн 2021 онд түүнд генерал цол олгож, хувийн бие хамгаалалтын албаныхаа даргаар томилжээ. Аав нь түүнд итгэдэг байснаас үзвэл гүнж Бажракитияаба боломжит залгамжлалгчдын нэг байсан нь дамжиггүй. 73 настай хаан Важиралонкорн одоо хэр нь залгамжлагчаа нэрлээгүй байгаа билээ. Тайландын хуулийн дагуу хаан ширээ залгамжлагч нь эрэгтэй хүн байх ёстой ч 1974 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэй хүн хаан ширээг залгамжлахыг зөвшөөрсөн юм.

Тайландын хаан Важиралонкорн таван хүүтэй. Гэвч хоёр дахь эхнэрээс нь төрсөн дөрвөн хүү нь гэр бүл салалтаас болж ээжтэйгээ АНУ-д амьдрах болсноор хаан ширээ залгамжлах эрхгүй болсон юм. Гурав дахь эхнэрээс төрсөн тав дахь хүү Дипанкорн нь өв залгамжлагчид тооцогддог боловч хааны үүргийг гүйцэтгэх ур чадвартай хүн мөн үү гэх асуулт гарч ирдэг.

ЭХ СУРВАЛЖ: BBC


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна