Монгол Улсад анх удаа Евразийн музейн олон улсын анхдугаар чуулганыг зохион байгуулна

Admin
2026/06/12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр "Евроазийн их солилцоо: Хамтын боломж, ирээдүй" сэдэвт Евроазийн улс орнуудын музейн захирлуудын анхдугаар форум Чингис хаан Үндэсний музейд болох гэж байна.

Уг арга хэмжээг зохион байгуулах талаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Сэргэлэн, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.

Энэхүү форум нь Монгол Улсын соёлын дипломат харилцаа, зөөлөн хүчний бодлогын хүрээнд олон улсын музейн ертөнцөд шинэ хуудас нээж буй онцлогтой. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төв Ази болон Европын орнуудад хийсэн төрийн айлчлалуудын үеэр Чингис хаан музей олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ижил төстэй музейнүүдтэй хамтын ажиллагааны санамж бичгүүд байгуулсан бөгөөд энэ удаагийн форум нь тэдгээр гэрээний бодит хэрэгжилт болж байна. Форумын үеэр зочид төлөөлөгчид Хархорум хотод тусгайлан гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Их хаадын цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарих зэрэг олон талт үйл ажиллагаанд оролцох юм.

Монгол Улсын музейн салбарт сүүлийн жилүүдэд томоохон ахиц дэвшил гарчээ. Тодруулбал, 2020 оноос өмнө улсын хэмжээнд 36 музей 18-20 мянган ам метр талбайд үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнөөдөр музейн тоо 40 орчим болж, ашиглалтын талбай 48 мянган ам метр буюу хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн 680 орчим мянга байсан үзэгчдийн тоо 1.8 саяд хүрч, музейн орлого 1.2 тэрбумаас 6.4 тэрбум төгрөг болон өсжээ. Энэхүү өсөлтөд 2021 онд батлагдсан Музейн тухай хууль, хүүхдүүд музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх болсон шийдвэр болон салбарын хөрөнгө оруулалт шууд нөлөөлсөн байна. Түүнчлэн гадаад хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан санамж бичгийн тоо 8-аас 40 болж, гадаадад үзэсгэлэн гаргах давтамж эрс нэмэгджээ.

Энэ удаагийн форумд Европ, Азийн 20 гаруй орны 50 орчим музейн удирдлагууд хүрэлцэн ирж байна. Олон улсын музейн зөвлөлөөс (ICOM) "Хуваагдмал ертөнцийг музей нэгтгэнэ" гэсэн уриа дэвшүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээ нь хүн төрөлхтөнд эв нэгдэл, ойлголцлыг түгээх зорилготой юм. Түүхэндээ монголчууд Өрнө, Дорныг холбож, мэдлэг, соёл, худалдааны их солилцоог бий болгож байсан бол өнөөдөр Чингис хаан музей дэлхийн шилдэг музейнүүдийг урьж, мэдлэг туршлагаа солилцох индэр болж байна. Цаашид уг форумыг хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн өвөө дэлхий дахинд сурталчлах ажлыг эрчимжүүлж, ирэх саруудад ХБНГУ болон Их Британид томоохон үзэсгэлэнгүүдээ дэлгэхээр бэлтгэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна