“Би үсэглэлийн баяраар “С” үсэг сугалсан. Надад бүх үсэг хэрэгтэй. Би дараа жил хоёрдугаар ангид орох гэж байгаадаа их баярлаж байна” гэж хэвлүүхэн ярих эгдүүтэй шар хүүг Д.Цэцэн гэдэг. Хүү энэ жил Нийслэлийн 32-р сургуулийн 1В ангид суралцаж байгаа ба маргааш үсэглэлийн баяр нь болох гэж байгаа тул хөл хөөртэй, дуу шүлэгээ бэлдэж байна. Үсэглэлийн баяр бол хүүхэд бүрийн эрдэм номд шамдан суралцах алхам аа эхлүүлж, Монгол цагаан толгой 35 үсгээ сурсныг илтгэх тэмдэглэлт өдөр. Өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд нэгдүгээр ангийн үсэглэлийн баяраар А үсгийг 5 сая төгрөгөөр худалдан авч байна гэх мэдээлэл түгсэн. Жил бүр хаврын улиралд үсэглэлийн баяртай холбоотой ийм маргаан гардаг. Үүнтэй холбоотой бид Нийслэлийн 32- р сургуульд очин, нэгдүгээр ангийн сурагчид хэрхэн 35 үсгээ оноож авсанг сурвалжиллаа.
Тухайн сургуулийн хувьд өнгөрсөн жилийн нэгдүгээр ангийн сурагчдад бүгдэд нь ижилхэн А-Я үсгийг өмсүүлжээ. Ингэснээр хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах үзлээс хол байна гэж дүгнэжээ. Харин энэ жилийн хувьд 32-р сугуулийн нэгдүгээр ангийн сурагчдын эцэг эх үсгээ сугалсан нь шударга гэж үзжээ.
Нийслэлийн 32-р сургуулийн 1В ангийн багш Н.Эрдэнэчимэг: Би боловсролын байгууллагад нийт 40 жил ажиллаж байна. Үүнээс 24 жилийг Нийслэлийн 32-р сургуульд өнгөрүүлж, тав дахь ангиа аваад явж байна. Миний энэ ажиллаж байх хугацаанд үсэглэлийн баяраар “А” үсгийг мөнгөөр худалдан авахыг үзээгүй, сонсоогүй. Манай ангийн хувьд эцэг эхийн хурлаа хийгээд эцэг эхчүүд, сурагч нар өөрсдөө үсгээ сугалчихдаг. Энэ нь илүү шударга болдог.
Нийслэлийн 32-р сургуулийн 1В ангийн сурагчын ээж С.Хонгорзул: Манай хүүхдийн ангийн эцэг эхчүүд хуралдаад үсэглэлийн баярын үсгээ сугалсан. Азтай нь “А” үсэг болсон. Заавал “А” үсэг болоогүй ч гэсэн бүх л үсэг чухал, гоё. Манай хүүхэд “Х” үсэг болсон. Утга учиртай гоё санагдсан. Хэрэв энэ мэдээлэл үнэхээр үнэн бол мөнгөөр худалдаж аваад “А” үсэг болсон ч ялгаагүй. “Я” үсэг болсон ч адилхан. Бүгдээрээ л Монголын минь сайхан 35 үсэг.
2000 оны эхэн үед манай улсын ерөнхий боловсролын сургуулиуд үсэглэлийн баяраар онц сурсан хүүхдэд багшийн заавраар “А” үсгийг шууд оноон өмсүүлдэг байсан. Энэ нь дөнгөж хорвоотой танилцаж яваа бяцхан хүүхдүүдэд, “А” үсэг өмссөн хүүхэд сайн би муу гэх бодлыг төрүүлж өөртөө итгэх итгэл ээ алдахад нөлөөлдөг байсан нь гарцаагүй. Харин одоо ихэнх ерөнхий боловсролын сургуулиуд сурагчид, эцэг эхчүүдээр үсэг сугалуулах аргыг хэрэглэж байна. “Үсэглэлийн баяраар эцэг эхчүүд болон хүүхдүүдээр 35 үсгийг сугалуулж өмсүүлэх нь шударга байдаг” гэж багш, эцэг эхчүүд санал нэгтэй хэлж байлаа. Харин үсэглэлийн баярын “А” үсгийг 5 сая төгрөгөөр худалдаж авсан явдал манай нийгэмд байдгийг үгүйсгэхгүй ч энэ талаар бодитоор мэдээлэл өгөх эх сурвалж олдсонгүй. Үсэглэлийн баярын энэ мэт маргааныг “Хүүхэд бүрд ижилхэн А-Я үсэгтэй малгай өмсүүлж шийдвэрлэх хэрэгтэй” гэж цахим сүлжээний хэрэглэгчид үзэж байна.




Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна