Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Ажлын үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд төвийн өнөөгийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцов.
Улсын хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хариуцан ажилладаг тус байгууллагад үүсээд буй зарим хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэжээ.


Тухайлбал, ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламжийг засварлах асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн “Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах”-ын үйл ажиллагаатай танилцаж, вакцины хадгалалт, нөөцийн нөхцөл байдалд үнэлгээ өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхантай санал солилцсон байна.
Тус агуулах нь дархлаажуулалтад ашиглагдах вакциныг +2–+8°C, -15–-25°C, -70–-80°C гэсэн гурван өөр температурын горимд стандартын дагуу хадгалах, тээвэрлэх, түгээх орчин үеийн технологи бүхий стратегийн чухал объект юм.
Улсын хэмжээнд 610 гаруй дархлаажуулалтын нэгжид вакцин болон дагалдах хэрэгслийг тасралтгүй нийлүүлж, дархлаажуулалтын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулж байна.


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын тогтолцоог тасралтгүй, найдвартай хангах чиглэлд онцгой анхаарч ажиллана” хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна