Сайдаасаа ч илүү нөлөөтэй АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэвийг тойрсон асуудлууд

Admin
2026/04/02

Монгол Улсын төрийн захиргааны тогтолцоонд яамдын Төрийн нарийн бичгийн дарга (ТНБД) нь бодлогын залгамж чанарыг хангах, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах гол албан тушаалын нэг. Гэвч зарим тохиолдолд уг албан тушаал нь сайдаасаа ч илүү нөлөөтэй, шийдвэр гаргалтад давамгай байр суурь эзэлдэг гэх шүүмжлэл дагуулсаар ирсэн. Үүний нэг жишээ бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ТНБД Б.Дашпүрэв юм.

Б.Дашпүрэв нь МУИС-ийг төгссөнөөсөө хойш Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам зэрэг төрийн голлох байгууллагуудад удирдах албан тушаал хашиж ирсэн туршлагатай төрийн албан хаагч. Түүний энэ урт хугацааны карьер нь бодлогын түвшинд нөлөө бүхий байр суурь эзлэх боломжийг бүрдүүлсэн гэж ажиглагчид үздэг.

Гэвч түүний нэр, газрын тосны салбартай холбоотой маргаантай асуудлуудтай хамт яригдсаар иржээ. Тухайлбал, “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Монголын талд ашиггүй нөхцөлтэй байсан гэх шүүмжлэл олон жилийн туршид өрнөсөн. Уг гэрээтэй холбоотойгоор тухайн үеийн шийдвэр гаргагчид ямар үүрэг, оролцоотой байсан бэ гэсэн асуулт өнөөдөр ч бүрэн хариултгүй хэвээр байна.

Зарим эх сурвалжууд Б.Дашпүрэвийг уг гэрээтэй холбоотой шийдвэрүүдээс улбаатайгаар улс төрийн нөлөөгөө бэхжүүлсэн мөн хөрөнгөжсөн хэмээн ярьдаг.

2023 онд“Петро Чайна Дачин Тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд  Ашигт малтмал, Газрын тосны газарт хийсэн Үндэсний аудитын газрын шалгалтаар зөрчил илэрч, дүгнэлтийг хууль хяналтын байгууллага буюу Улсын Ерөнхий прокурорын газарт  шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Гэвч тухайн асуудал хэрхэн шийдэгдсэн, ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болсон нь олон нийтэд тодорхой бус хэвээр байна.

Тодруулбал: Тус аудитын дүгнэлтэд “Газрын тосны нийт орлого 8,4 их наяд, нийт зардал 11,4 их наяд, алдагдал 3 их наяд төгрөг байхад техник, эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзэн өртөг зардлыг нөхөж авсан нь Бүтээгдэхүүн хуваах гэрээг /БХГ/ зөрчиж байна” гэжээ. Энэ бол 59 хуудас аудитын дүгнэлтийн ердөө нэг хэсэг нь.

Мөн Тосон уул- XIX талбайн ӨНЗ-ыг 1996 оноос өртөг, зардлыг нөхөж авснаар үр ашигтай нээлт бүртгэгдсэн гэж тооцвол Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүчин төгөлдөр хугацаа дууссан.

Петро Чайна Дачин Тамсаг” ХХК газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагаанд хамаарах ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланд иж бүрэн, үнэн зөв тайлагнаагүй, түүнийг хянах байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

АМТГ-ын дүгнэлт, тайлан хуулийн шаардлага хангахгүй байна гэжээ.

Ингээд үндэсний аудитын газар АМГТГ-аас ирүүлсэн дүгнэлт, тайланг баримт материалтай тулган шалгахад 14 зөрчил илэрсэн байна.

Нөгөө талаас, өнгөрсөн өвөл үүссэн шатахууны хомсдолын асуудалд ч бодлого, зохион байгуулалтын алдаа байсан уу гэдэг асуулт гарч ирсэн. Иргэд олон хоногоор шатахуун түгээх станцуудад дараалал үүсгэж, нөхцөл байдал хүндэрч байсан нь салбарын удирдлагын хариуцлагын асуудлыг хөндөхөд хүргэсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр гэрээ хэлцлийн явц удааширсан нь ТНБД Б.Дашпүрэвтэй холбоотой гэх. Тодруулбал гэрээ, хэлэлцээр хийх өдөр Б.Дашпүрэв архидан согтуурч байсан хэмээн учир мэдэх хүмүүс жиг, жуг гэлцдэг.

Эдгээр асуудлууд нь ганц хүний тухай гэхээс илүүтэйгээр Монголын уул уурхай, газрын тосны салбар дахь ил тод байдал, хариуцлагын тогтолцооны сул тал мөн авлигал, хээл хахууль зэрэг олон бугшсан асуудлыг илтгэж буй хэрэг юм. Иймд холбогдох байгууллагууд дээрх асуудлуудад бодит, баримтад тулгуурласан тайлбар өгч, шаардлагатай бол хараат бус шалгалт явуулах нь зүйтэй юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна