Технологийн тусламжтайгаар бүтээн байгуулалт, бизнес, эрүүл мэнд, урлаг соёл, батлан хамгаалах гээд төрөл бүрийн салбар хурдацтай хөгжиж байна. Манай улс 2025 онд техник технологи инновацаар олон улсын хэмжээнд 88 дугаар байранд эрэмбэлэгдсэн. Энэ нь инновацаар тэргүүлдэг улс орнуудтай харьцуулахад манай улс мөлхөж л яваа гэсэн үг. Гэхдээ сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологид дурлан сонирхдог хүүхэд залуус нэмэгдсээр байгаа нь сайшаалтай. Тэдний нэг бол Б.Дөлгөөн юм.
Бид энэ удаад шинжлэх ухааны бүтээл хийх сонирхолтой “English school of Mongolia” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Дөлгөөнийг онцолж байна. Тэрбээр цэцэрлэгт байхаасаа шинжлэх ухааны талаар сонирхож, есдүгээр ангиасаа шинжлэх ухааны бүтээлүүд хийж эхэлжээ. Түүний хийсэн бүтээлүүдийг товчхон танилцуулъя. Тэрбээр, Одон орон судлалын дурангийн зориулалтын хөл, Tesla coil буюу утасгүйгээр цахилгаан дамжуулах төхөөрөмж, онгоцны хөдөлгүүрийг дуурайлган жет хөдөлгүүр болон сонирхогчийн жижиг хэмжээтэй пуужин хийсэн байна. Түүнчлэн Б.Дөлгөөн -үеийнхэндээ зориулан “Сонирхогчийн пуужингийн холбоо” байгуулжээ.
Мэдээж Б.Дөлгөөний гэр бүл технологийн бүтээл хийх сонирхлыг ихэд дэмждэг. Ялангуяа Б.Дөлгөөний аав. Тэр шинжлэх ухаан, танин мэдэхгүйн төрөл бүрийн зүйлсийг их сонирхдог ба үүнтэй холбоотой контент, кино үзэж, ном уншиж үүнийхээ талаар хүүдээ бага байхад нь дандаа ярьж өгдөг байсан байна. Энэ нь ч Дөлгөөний шинжлэх ухаанд дурлах болсон шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Түүний хувьд Ерөнхий боловсролын технологи, мэдээлэл зүйн хичээлийн арга зүй, хөтөлбөр бусад орнуудаас хоцрогдсонд харамсаж явдаг байна. Ингээд Б.Дөлгөөн ба түүний аавын яриаг хүлээн авч үзнэ үү.
Asu.mn сайт хүний эрхийг хүндлэн дээдэлж, нийгмийн хариуцлагын хүрээнд видео контентуудаа хадмалаар буулган хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна