Тэр уран бүтээлийнхээ төлөө өөрийгөө амьдаар нь оршуулсан цорын ганц Монгол жүжигчин. Хонины сүүл жинхэнээсээ залгиж, хахаж үхэж буй дүрд тоглосон мөн л цор ганц жүжигчин. Тэр бүү хэл 70 гарсан хойноо нисдэг шулмын дүр бүтээхдээ орлон тоглогч ашиглахгүй өөрөө ниссэн анхны Монгол жүжигчин юм. Түүний тухай хүүрнэх зүйл их ээ
Тэрээр УБИС-ийн Кино драмын ангийг 1964 онд дүүргэж Цэргийн хүү, Хүний мөр, Өглөө, Тэмцэл, Ирж яваа цаг, Би нисэх дуртай, Талын цуурай зэрэг МУСК-ны туслах дүрүүд, Хүүхэд залуучуудын театрт олон арван жүжгийн гол болон туслах дүрүүдийг бүтээж байв.
Хувь тавилан гэдэг сонин шүү, Өглөө кинонд Сүхбаатар жанжны гэргийн Янжмаагийн дүрд сонгогдсон ч нуруу намхнаас болж хасагдан Дамирангийн эхнэр Хандмаагийн дүрийг бүтээж байв. Харин охин минь хожим нь “Улаан цэцэг” кинонд Янжмаагийн дүрийг бүтээсэн. Ээжийнхээ бүтээж чадаагүй дүрд тоглосонд нь их баярладаг. Мөн “Талын цуурай” киноны Түвдэнгийн Борын дүрд шалгуулан тэнцэж, гол дүрд сонгогдон натурт гарахаас 2 хон хоногийн өмнө болиулах шийдвэр гарсан. Яав ийв гэтэл АИХ-ын тэргүүлэгчдийн дарга С.Лувсан гуайн охин Л.Тунгалаг Москвад кино урлагийн дээд сургуульд сурдаг, дипломын ажлаа хийхээр ирсэн гэнэ. Тэгээд соёлын яамнаас Л.Тунгалагийг Борын дүрд тоглуулж, дипломын ажлыг нь хамгаалуул гэсэн шийдвэр гарлаа гэсэн дээ. Дээр үед чинь дээрээс ирсэн шийдвэр бол тушаал байсан болохоор дөрвөн ухуулагч хүүхний нэг Дулмаад тоглосон. Тусах дүр гол дүрээ тодотгож өгдөг, тэр дүрдээ их хайртай гэж даруухан үгүүлнэ
Тэрээр залуу насандаа дэлгэцийн бүтээлийн гол дүрээс олон шалтгааны улмаас хасагдаж байсан ч урлагтаа үнэнчээр зүтгэн дүр бүхнээ сэтгэлээсээ урласаар байв.
Ингээд тэрээр 65 настайдаа ӨМӨЗО-ны “Ээж” кинонд МУГЖ О.Бат-Өлзийн хамт ээж, хүүгийн дүрийг бүтээснээр БНХАУ, ӨМӨЗО болон Франц улсын кинонд гол дүрүүдийг бүтээж эхлэв. Тэрээр 2015 онд БНХАУ-ын алдарт найруулагч Шүкийн “Ээжийн нислэгийн буудал” киноны гол дүрд тоглон БНХАУ-ын хамгийн том шагнал болох “Алтан тахиа” шагналд шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнээр нэр дэвшиж байсан удаатай. Энэ дүрээрээ ОУ-ын кино наадмаас тэргүүн шагналыг ч хүртэж байв. Үүгээр зогсохгүй Оскарын шагналт 5 уран бүтээлч оролцсон Францийн “Асура” кинонд дүр бүтээж, Дээрэмчин ба 4 баатар кинонд орлон тоглогчгүйгээр 73 насандаа нисдэг шулмын дүрд тоглон нисэж байлаа. “Хөдөөшил”, “Баатар эр шальвин” гээд түүний олон улсад тоглосон киног дурдвал олон.
ӨМӨЗО-ны Найруулагч НянЦай-ын уран бүтээл "Баатар эр шаволин"-ны ээжийн дүрд, Хүү Алмасцолмонгийн хамт
Хүний яаж амьдрах ханиас их шалтгаалдаг юм. Миний мэргэжлийг ойлгож үргэлж дэмжиж ирсэн хүн бол миний хань юм шүү дээ. Намайг гавьяат болохыг надаас илүү их хүлээсэн, хүссэн хүн бол хань минь гэж хэлэхдээ тэр нулимс унагасан. Төр гавьяатыг чинь өгдөггүй юм бол ард түмэн өгнөө гээд ард түмний гавьяат гэдэг цолыг хөөцөлдөж байгаад надад авч өгч байсан даа. Ханиа алдаад жилийн дараа би ГАВЬЯАТ болсон. Амьдад нь авсан бол их л сайхан байх байсан даа гэж тэр гунигтайгаар үгүүлнэ.
Урлагт 56 жил зүтгээд 74 насандаа буюу 2018 онд гавьяат болж байв.
Ардчилал гараад төр засаг хэцүүхэн болж, урлагийн байгууллагууд хаалгаа хаасан. Би ч тэтгэвэртээ гарч одоо ингээд миний жүжигчний замнал дууссан даа гэж бодоод ханьтайгаа Гачууртад 2 үхэр, уналгын морь аваад мал дээр гарсан. 4 жилийн дараа улс орны байдал ч дээрдэж Солонгосоос кинонд тоглох санал ирснээр урлагтаа эргэж орсон. Юм гэдэг цаг хугацаатай юм, би ч ингээд дууслаа л гэж бодсон. Залуудаа дэлгэцийн бүтээлд гол дүр аваагүй ч нас өндөр болсон хойноо олон сайхан бүтээлд гол дүрийг бүтээлээ. Хөхөө киноны ээжийн дүр бол миний хайртай дүр.
Тэрээр Хөхөө, The Women, Маш нууц, Трио, Амьд бус амьдрагчид, Цөвүүн цаг зэрэг энэ цагийн шилдэг кинонуудад дүр бүтээж байна. Хөхөө, Трио, >span class="s3"> women киногоороо олон улсын кино наадмуудаас тэргүүн шагналуудыг олонтоо хүртсэн юм.Тийм ээ, тэр бол Монголын кино урлагт ээжийн дүрийг хэнээс ч илүү амьдруулж чадсан цөөн жүжигчдийн нэг. Т.Борхүү дүрээ амьдруулдаг уран бүтээлч. Түүний бүтээсэн бүх ээжийн дүрүүд нь зүгээр нэг жүжиглэлт биш, харин амьдралын ухаан, монгол бүсгүйн уужуу сэтгэл, эх хүний жам ёсны ухаарлыг харуулж ирсэн байдаг билээ.
Ард түмний хайртай жүжигчин МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ТАНГАДЫН БОРХҮҮ өдгөө 82 настай ч урлагт од шиг гялалзаж, бүтээсэн гайхалтай дүрүүдээрээ өөрийгөө овоглож явна.
Сэтгэгдэл (1)