Эрүүл мэндийн бүтээгдэхүүн хяналтгүй зарах, сурталчлах асуудал хэрээс хэтэрлээ

А.Булганчимэг
2025/11/01

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн бүтээгдэхүүн хяналтгүй зарах явдал хэрээс хэтэрсэн. Төрөл бүрийн тураах тариа цай кофе бэлдмэл, цус шингэлэх цай, бөөрний бэлдмэл, түрүү булчирхайн эм хүргэлтээр зарна гэх зар мэдээллүүдийг та сошиал сүлжээнээс харж л байсан байх. 

Нэг талаар сүүлийн үед нүүр царайгаа гаргахгүйгээр эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон бусад барааны зар мэдээлэлд олон нийт итгэх итгэл нь багасаж худалдан авахаа больж байгаа. Гэхдээ нөгөө талаар эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг инфлүүсэрүүд, жүжигчин, олны танилуудад итгэж худалдан авалт хийх нь ч их байна. Эдгээр хүмүүсийн бусад төрлийн бараа бүтээгдэхүүн зарахыг үгүйсгэх гэсэнгүй. Гол нь эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зардаг, сурталчилдаг инфлүүсэр олны танилуудын тоо өссөөр байна. Олны дунд алдартай болсон фитнес моделиуд, тамирчид сошиал сүлжээгээр тураах бүтээгдэхүүн сурталчлан зарах болсон. Үүнээс гадна ахмад настнууд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сайн гэх төрөл бүрийн бэлдмэлийг ч инфлүүсэр жүжигчид жишим ч үгүй сурталчилж байна. Мэргэжлийн бус инфлүүсэр, олны танилууд эм, бэлдмэлийн нарийн найрлага, бүтцийг мэдэхгүй, судлахгүйгээр бусдад зарах нь

сөрөг үр дагавар бий болгох тохиолдол гардаг. Тухайлбал, “Туркээс оруулж ирдэг тураах бэлдмэл, кофег сүүлийн үед сошиал сүлжээнд ихэд алдаршсан. Үүнийг уугаад ингэж турсан, тэдэн кг хассан гэх сэтгэгдлүүд тус бүтээгдэхүүний зарын доор хөврөхөөс гадна сөрөг үр дагавар гарсан гэж бичсэн байлаа. Уг бүтээгдэхүүнийг уугаад эрүүл мэнд нь эрс муудсан. Бөөрний дутагдалд орсон. Удаан хугацаанд нойргүйдсэн, зүрхний хэм алдагдсан гэж хэрэглэгчид нь сэтгэгдэл үлдээсээр байгаа. Худалдаалсан газарт нь сөрөг үр дагавар аа хэлэхээр “Бүтээгдэхүүний найрлага нь хайрцаг, сав дээр нь бичээстэй байгаа худалдан авагч өөрөө нягтлан шалгаж авах ёстой” гээд утсаа тасалдаг байна. Харамсалтай нь энэ тал дээр зохицуулах журам, хууль манай улсад байхгүй. Өндөр хөгжсөн АНУ, Япон, Солонгос, Европын холбооны улс орнуудад эрүүл мэндийн эм, бэлдмэлүүдийг маш өндөр шалгуураар баталж, эмч, эм зүйчийн хяналт дор худалдаалахыг зөвшөөрдөг байна. Хятад улс ч бас үүнтэй санал нийлж инфлүүсэрүүдэд эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлах, мэдээлэл түгээхийг хориглолоо. Тодруулбал, Эрүүл мэнд, хууль, санхүү гэх мэргэжлийн сэдвээр мэдээлэл хийдэг инфлүүнсэрүүдээс Их дээд сургуулийн диплом эсвэл мэргэжлийн үнэмлэх шаардах журам гаргах талаар хэлэлцэж байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлах ч үүнд хамаарна.

Гэтэл манай улсад эрүүл мэндийн эм бэлдмэлүүдийг зах, дэлгүүр, онлайн дэлгүүр гээд хаа сайгүй замбараагүй худалдаалж, тэс өөр мэргэжлийн олны танилууд инфлүүсэрүүд сурталчлан борлуулж байгаа нь харамсалтай. Хамгийн гол нь манай нийгэмд чанаргүй, баталгаагүй эдгээр эрүүл мэндийн бүтээгдэхүүний маркетинг, бизнесийн золиосыг нь иргэд эрүүл мэндээрээ төлөөд дуусаж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна