126-д... (Ил захидал)

Admin
2025/04/17

МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүн М. Наранбаатар  УИХ-ын 126 гишүүнд хандаж ил захидал илгээжээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл гэж “алдарт” 15 байдаг даа. (алдарсаад байх юм ч уг нь байхгүй л...)

Би өөрөө ч тэдний нэг нь.
Бас хамгийн олон 15-тай ажилласан ерөнхий захирал.
"Юм яаж ч муудсан сайн тал руугаа явсан байдаг" (Я. Хашек. [Эрэлхэг цэрэг Швейк]) гэдэг ч дордсоор дордсоор баахан алдар суутнууд олшрох тусам улам бүр дордож байгаа.
Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, за тэгээд гавъяатгүйг нь тоолбол гарын хуруунд багтана. Гээд харах юм бол энэ өндөр алдар шагналуудыг таарууханд нь, хогийнуудыг нь олж өгдөг юм уу ч гэмээр хачирхам.

Өнөө маргаашгүй таван гишүүний хугацаа нь дуусч, шинээр нөхөд орж ирнэ.
Тэд хэн байх вэ?
Бас л дордуулах уу?

Анхны ҮЗ-ийг сонгоход ТББ-уудын чуулган болж, жинхэнэ утгаар нь тал талаас нь хэлэлцэн сонгож, УИХ ёсчлон томилж байлаа.
Мэдээж яаж эв эрүүл, сав саруул байх вэ, галзуу амьтад ганц нэг шургалсан л даа.
Гэхдээ л Бурмаа, Занаа, Пүрэвбат лам, барималч Болд, Эрдэнэ-Өлзий, Чилаажав, Төмөрбаатар, Цэрэнпүрэв, Буянбадрах Дамдинсүрэн гуай,Дашдондов гуай гэх мэт олон нийтийн, салбаруудын жинхэнэ төлөөллүүдээс бүрдсэн дажгүй хүчтэй зөвлөл байв.
Тэрний дараа Гомбосүрэн сайд, Дамбажав хамба, Цэрэндорж хуульч гээд ланжгарууд орж ирсэн.
Ямартай ч эдгээр хүмүүс олон нийтийн радио телевизийн хууль, үзэл санааг ойлгодог, ойлгодогтоо ч намайг нам намын томчуултай ойлголцох, “тэрсэх”-ийн алинд ч нүдгүй, чихгүй мэт байсан юм даг.
Хуулиа л өмнөө бамбай болгодгийг мэддэг байсан болоод тэр биз ээ.

За тэгээд дараа дараагаас удалгүй бишидсэн түүхтэй.
Зи гэдэг хүн Их Хурлын дарга байлаа.
Уг хүний хувьд үндэстний том эрх ашиг, алс хэтийн хор уршгаас илүү хувийн өш хонзон нь дийлдэг ёсоор МҮОНРТ-ийг ч, Үндэсний зөвлөлийг ч өш хонзонгийн наймаа, өөрийн эрх ашгийн тоглоом болгож "монгол улсын албан ёсны, төр соёрхсон галзуу" гээд хүмүүсийг цувуулан оруулж эхэлсэн дээ. Байгууллагын төсвийг нь шууд 50% танасан, сангийн сайдын багцад шилжүүлсэн. Намайг буулгах тохироотой Ми-тэй үгсэж (яагаав, АН, МАН 2 хальт хамтраагүй юу...) “хачин, хачин” нөхдийг ҮЗ-д оруулсан.
АН-ын генсек ерөнхий захирал болсон.
Энэ дашрамд нэг сонин дуулгахад уг нь телевизээс нам руу, ордон руу дэвшиж томорч явдаг байсан юм.
Гэтэл намаас, ордноос MNB рүү дэвшиж, томорч ирдэг болсон.
Тэгтлээ үнэ цэн өссөн үе энэ байгууллагад бас байсан юм шүү.
Үнэ цэнтэй, нэр төртэй, бас “даалгавартай” томоохон алба хаших гэж ирдэг болсон байсан.
Тэр жил төсвийг нь 50% танаснаас эхлэн МҮОНРТ "олон нийтийн нэртэй ч төрийн" болсон.
Ерөнхий захирал нь засагт биеэ үнэлэх нь холгүй байдалтай болсон. Дуртай үедээ талхиж байдаг янхан шахуу.
Сангийн яамнаас шууд хараат. Одоо бүр Сангийн яаманд тайлан бичиж өгч байж төсвийн дэмжлэгээ авдаг.
Үндсэндээ тэр цагаас төрийн мэдлээс гарахаа байсан.

Үнэн нь л энэ...

Ийм учраас "126"-д хаяглаж учир байдлыг сөхөж тоочиж байна.

ҮЗ-ийн талаар ч баримжаа, мэдээлэл дуулгая.

2021 онд би ҮЗ-д орж ирлээ.
Бөөн өндөр дуутангууд (суутангууд), алдар цолтнууд.
Заримыг нь сургаар бараг л шүтдэг байлаа. Түүх гуйвуулж, төрийн шагнал хулгайлсан гэгддэг ч үнэн худлыг нь мэдэх биш оюуны салбарын мундаг төлөөлөл, соён гэгээрүүлэгч гэж; шинэ үндсэн хуулийг зохиолцсон, манасан хүн гэж, Монголоос анх удаа гадаадад ОУ-ын өмгөөлөл хийсэн хүн гэж хүндэтгэн биширч явсан.
(Тус тусад нь будлианыг нь бичих учир ингээд зогсоё.)
Харин өнөөдөр бол ийм хүмүүс битгий сонгож томилж явуулаарай гэж шууд хэлье.

Энэ бүхнийг та бүхэнд хаяглахын учир нь хувийн ямар нэг асуудал өчүүхэн ч биш бөгөөд энэ нь зөвхөн MNB-ийн хэрэг ч биш, монгол улсын байгаа царай төрх, цаашаа хэрхэхийн нэг илэрхийлэл, нэг хэсэг гэж үзэж буй болно.

Мөдхөн та бүхэн хэлэлцэнэ.
Та 126 гишүүдийн дунд эрхбиш улс орноо боддог шударгуу хүмүүс нь дийлэнх байгаа гэж найдна.
Сахил хүртээд шал дордохын үлгэрийг бүү давтаарай хэмээн та бүхэнд хаяглаж байна.
Давтагдвал хуулиа гаргаад татан буулгаж төрдөө албан ёсоор авбал зохино.

Хүндэтгэсэн:
МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүн М. Наранбаатар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна