Том улаан наран дор тос даасан Дарьганга бий гэж нэгэн найрагч дуу алдсан нь бий. Энэ л нарны илч гэрлийн доор хэдэн зууныг элээж өв соёл, үндэс угсаа, өвөрмөц ахуй амьдралаа эдүгээг хүртэл бүтэн бүлээнээр нь хадгалаж ирсэн Дарьганга түмний тухай нийтлэлээ уншигч танд хүргэж байна. Дэлхий дахины даяаршлал, шинжлэх ухаан технологийн хөгжлийг талын намхан бор толгодынхоо дунд эдэлж байгаа ч хэдэн зууны тэртээгээс эцэг өвгөдөөсөө үлдээсэн өв соёл, ахуй амьдралынхаа хэв шинжийг өнөөг хүртэл тээж яваа Дарьгангачуудын аж ахуй, соёл, зан заншлын онцлогоор аялъя.
Өглөөн наран унины углуургад тусаж өмнөдөд гялтайх нуурын толионд алтан цацрагаа шингээхүйд айлын бүсгүй хос зуухандаа гал түлж тогоо бүрхээр нийлүүлнэ. Ус хэмээх рашаан сүү хэмээх идээг нийлүүлж шимийн архийг нэрж байгаа нь тэр. Хол ойрын зочин гийчин, адуу малын эрэлчин, аяны хүний ядаргаа зүдэргээг тайлж ясны хөлсийг чийхаруулдаг идээ бол Дарьгангачуудын ахуй соёлын нэгэн илэрхиийлэл болсон шимийн архи юм.
Шимийн архийг битүү нэрэх, цоргоор нэрэх гэсэн 2 аргаар нэрдэг. Битүү нэрэхэд бүрхээрийн амнаас доош архи тосох савыг голлуулан зүүж бүрхээртээ бэхэлнэ. Хэрвээ цоргоор нэрэх бол бүрхээрт архийг шууд гадагш гаргах цорго хийсэн байна. Дарьгангачууд ихэвчлэн битүү нэрдэг уламжлалтай. Ингэхдээ Бүрхээрийн дээр жижиг ширмэн тогоо буюу жалавч тавьж завсрыг нь даавуугаар сайтар ороож уур алдахааргүй бүсэлнэ. Дээд тогоонд хүйтэн ус дүүртэл хийж галлана. Усыг халмагц хагасыг нь хүртэл юүлж нэмж хүйтэн ус хийж бүлээтгэнэ. Эхний усаар авсан архийг охь, олон усаар гаргаж авсаныг сувс гэж нэрлэдэг. Архийг дахин нэрж арз, арзыг нэрж хорз гаргана. Харин хорзыг нэрвэл хор болдог гэлцдэг. Монголчуудын уламжлалт шимийн архи нь дэлхий дээр хаана ч байдаггүй сүүнээс гарган авдаг цорын ганц технологи юм. Булган, Архангай, Өвөрхангай зэрэг аймаг айраг бүлж ирсэн зочид, гийчдээ дайлдаг бол Дарьгангачууд шимийн архиараа хүндтэй зочдоо дайлдаг уламжлалтай. Энэ бол Дарьгангачуудын ахуй соёлын нэгээхэн хэсэг билээ.
Дарьгангачуудын ахуй амьралдаа хэрэглэдэг бас нэгэн өвөрмөц идээ бол сүүний хоол. Эрт үеээс бидний өвөг дээдэс цаг улирлын хүнд хэцүү хүйтэн хахир үед илчлэг ихтэй махан хоол буюу улаан идээ зооглож, зун намрын дэлгэр цагт амин дэмээр баян боловч хөнгөн зууш буюу цагаан идээ хэрэглэсээр ирсэн. Энэ нь нүүдэлчин өвөг дээдэс маань идээ ундаагаа бэлтгэх нарийн арга ухаантай байсаныг илтгэнэ. Тэгвэл энэ дэг жаягыг одоог хүртэл хадгалаж яваа хүмүүс бол мөн л Дарьгангачууд. Учир нь энэ сүүн хоол нь мах ороогүй ч махыг орлож чадахуйц амин дэмтэй мөн эрүүл мэндэд тустай үүгээр ч зогсохгүй халуун дулааны улиралд буянт малынхаа аминд хүрэхийг цээрлэх ардын энэрэнгүй сайхан уламжлалтай холбоотой юм.
Дарьгангачууд эрт цагаас цагаан идээгээ боловсруулах, хоол ундаа бэлтгэхдээ байгалийн шаварыг шар сүүгээр зууран бэхжүүлсэн 2 амтай зуухыг ашигласаар өнөөг хүрчээ.
Энэ зуухыг цаг улирлын байдалдаа тохируулан хүйтний улиралд гэрийн голд харин урин цагт зүүн урд хаяандаа барьдаг байна. Зун зөвхөн зуух л гэрийн дотор байх ба яндангаа хаяагаараа гадна талдаа гаргадаг. Ингэснээр гэрийн дотор халдаггүй, гэр сэрүүхэн, зай талбай ихтэй байдаг байна. Мөн зуны буюу сүүл саалийн цагт нэг яндантай 2-3 зуухыг зэрэгцүүлэн барьдаг.
Үүнийгээ ихэр зуух хэмээн нэрлэдэг бөгөөд олон тогоо зэрэгцүүлэн тавьж хоол цай, цагаан идээгээ боловсруулах зэрэг олон ажлыг зэрэгцүүлэн хийдэг байна. Хүй нэгдлийн үеийн хүмүүс ваар саваа сүүгээр зуурч бэхжүүлдэг байсан технологийг хэдэн арван мянган жилээр нүүдэлчид тээсээр яваа нь энэ юм. Учир нь шар сүү нь байгалийн шаварыг хамгийн сайн нягтаршуулдаг байна. Энэ л уламжлалыг алдалгүй эдүгээг хүрсэн Дарьгангачуудын эл шавар зуух нь энэ нутгаас өөр хаана ч байхгүй бас нэгэн өвөрмөц ахуй билээ.
Зуух нь өөрөө соёлын биет өв бол түүнийг барих арга технолгийг бүрэн эзэмшсэн хүн нь соёлын өв тээгч болдог. Сүхбаатарынхан тэр дундаа Дарьгангын хошууны сумдын малчин айлууд өнөө хэр нь шавар зуухыг ахуй хэрэглээндээ ашигласаар байгаа. Нүүдлийн соёлоос уламжлагдсан ирсэн уг шавар зуухыг зөвхөн Сүхбаатар аймагт харах боломжтой.
Сүүдэр, сэрүүн сэрхэрээ мөрөөдөн толгодын оройд ялаархан хурах адуун сүрэг бол энэ нутгийн бас нэгэн бахархал билээ. Газар газраас цугласан Манжийн хааны төмөр сүрэг их талын цагаан зээрдтэй уралдсаар шандас сайт адуун сүрэг үүссэн гэж нутгийнхан домоглон ярьцгаадаг. Зандан хүрэн, Нийгэм хонгор, Мөнгөн хөлт, Орлой хонгор, Дарьгангын жижиг зээрдүүд зэрэг магнайдаа тоос хүргэж үзээгүй энэ л хурдан хурд адуун сүрэг Дорнод Монголын шаргал элсийг эхийн сүүтэй зажилан тэнцэн өндийжээ. Дарьгангыг адууный нутаг, хурдны өлгий буюу хурдан удмын адууны угшилтай гэцгээдэг. Учир нь газар, тэнгэр нийлэн харагдах хараа гүйцэмгүй их талд хүн нь уужуу, адуу нь хурдан байдаг гэж нутгийнхан ярьдаг. Өөрөөр хэлбэл уул, ус, гол, мөрөн тааралдахгүй их талд адуу хүссэн хурдаа аван давхидаг аж. Улсын наадамд айраг, түрүү авсан Сүхбаатрын угшилтай адууг нэрлэвэл мундахгүй их билээ.
Дарьгангачуудын адуу малтай холбоотой бас нэгэн соёл бол ум марзай. Ихэнхи нутагт гийнгоо гэж нэрийддэг энэ Дарьганга марзай нь шашин номын тарний шидтэй гэж үздэгээс үүдэлтэй нэрийдэл юм аа.
Дарьганга марзай
Ум ум марузай мам суухай
Алтан Дарь овоо минь өршөөгөөрэ
Ажнай хүлгийг минь хурдлуулаарай
Асрын өмнө цоллуулаарай
Айргийн дээжээр мялаалгаарай
Ум Ум марузай мам суухай
Шилийн Богд уул минь өршөөгөөрэй
Шандаст хүлгийг минь хурдлуулаарай
Наадмын дэнжийг найгууланхан цоллуулаарай
Найрын айргаар бялхууланхан мялаалгаарай
Ум ум марузай мам суухай
Дарьганга нутаг минь өршөөгөөрэй
Домогт хүлгийг минь хурдлуулаарай
Дэнж хотойтол цоллуулаарай
Дарьгангын хурдаар гайхуулаарай
Ум ум марузай мам суухай
Аяндаа сайн яваарай
Алтан Дарь овоо минь өршөө
Зууртаа сайн яваарай
Зуугийн Чойжоо өршөө
Ум ум марузай мам суухай...гэж унаач хүүхэд уянгалуулан марзайлж уяа тойроход унаж яваа хурдан хүлэгийн цолмон хоёр нүд сэргэж, чих нь солбин амгаа зуузай булаан уралдааны замдаа тэмүүлнэ. Энэ аялгуу нь олон агтны дундаас түрүүлж давхих, хүүхэд морь хоёр эсэн мэнд ирэхийн зөн билэгийн дуудлага юм. Дарьгангачууд ум марзай мам сууха, Алтан Дарь овоо минь өршөө, гэгээн богд нь өршөө гэж марзайлдаг. Ум марзай мам сууха гэдэг нь нарны тарни. Ингэж өгөөжит алтан нарандаа хүүхэд морь хоёроо даатган явуулдаг учиртай. Сүхбаатар аймгаас олон гайхалтай уртын дуучин/АЖ Ш.Чимэдцэеэ/ болон дуурийн дуучин/АЖ, Дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин / төрөн гарсан нь мөн л газар тэнгэр нийлэн харагдах хараа гүйцэмгүй их тал хийгээд унаач хүүхэд багаас ум марзайн тарнийг уянгалуулан марзайлж өссөнтэй холбоотой биз ээ.
Монгол орны наран ургах дорно зүгт оршин аж төрдөг Дарьганга угсаатны түүх шастирт тэмдэглэсэн үнэт зүйл арван билээ. Түүний нэг бол Дарьганга хийцийн дарханы урлал. Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь мөнгөн урлал юм. Манжийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон түүхтэй. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бүрдсэн байдаг. Дарьгангын мөнгөн урлал, чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн.Дарьганга дархчуулын алт мөнгийг зүсэн бүрийн зүйлд хувиргах авьяас билэг 1700-аад оноос үүсэн 19-20-р зуунд бие даасан хийц буюу Дарьганга дэг сургууль болтлоо хөгжиж Монгол нутгийн өнцөг булан бүрт гайхагдаж эхэлжээ. Энэ хугацаанд 20 гаруй алдартай дархчуул төрөн гарчээ.
Тухайлбал, Сүрэнхор, "хөл" Галай, "жараахай" Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн гээд нэрлэвэл олон.Дарьганга хийцийн онцлог нь мөнгө бага оруулж хээ дүрслэл, чимэг, шигтгээг наана цаана нь гурваас дөрөв давхарлан маш нарийн цохиж хийдгээрээ онцлог. Мөн өөрсдийгөө гоёохоос илүү унаж яваа хүлэг морьдоо дээдэлж эмээл хазаар тоноглол тэргүүтнийг хүний нүд булаасан уран тансаг урлахыг илүүтэй үздэг ажээ. Нэг хийсэн бүтээлээ дахин давтдаггүй дархчуулын удам угсаа одоо ч тасраагүй байна.
Монголын хөдөөгийн амгалангаас амгалан ахуй уйдах завгүй үргэлжилнэ. Адуу мал аа хариулж, аргал түүн гал түлж, идээ ундаагаа бэлтгэнэ. Тэнгэрийн хаяа ширтэж “мөд бороошохгүй нь дээ” гэж санааширхан хаяа хаяахан хурга, тугалын бэлчээр лүү хараа бэлчээнэ. Хойморь эзлэх эрээн авдартаа нандин бүхнээ хадгалж адууныхаа тамгыг бурхантайгаа зүйрлэн хадаг, яндарт ороож хоймортоо залдаг ийм ард түмэн Монголоос өөр хаана билээ дээ.
Алтан-Овоо бол Дарьгангачуудын оройн дээд шүтээнээ болгон дээдэлдэг уул юм. Нэр нь хүртэл утга учиртай талын энэ намхан уул ямархан тавилангаар хүмүүн бидний сүсэг бишрэлийг нэгэн дор нэгтгэж аврал эвээлдээ багтаан гэрэлт алтан наран дор тос даасан бор өнгөөр сүндэрлэнэ вэ? Амь нас, хувь тавилан, аж амьдралаа Алтан овоондоо даатган сүсэглэх мянга мянган хүмүүс энэ л нутаг устайгаа хүйн холбоосон билээ.
Цаст баруун Алтай, Өмнийн цэнхэр говь, Дорнын уудам тал гээд уудам монгол нутгийн хаана ч гэсэн морин дэл дээр өссөн хүн бүхний аялан дуулах дуртай дуу бол Жаахан шарга юм. Хүмүүний ертөнцөд тохиох хайр сэтгэл, хагацал зовлон, баяр жаргалыг хуваалцаж эзгүй хээр, ээрэм талд ч эр хүнд хань болсон Жаахан шаргын домогийг энд өгүүлье.
Олондоо Инжээноров хэмээн алдаршсан нэгэн лам Дарьгангын хошууны Овоон сүмийн цогчин унзад байжээ. Тэрбээр Дарьгангынхаа Чимидлхам нэрт сайхан хүүхэнтэй танилцаж, хайр сэтгэлтэй болсон төдийгүй Винайн ёс, сахил санваараа үл хайхран хайр сэтгэлээрээ ханилан суухаар тохирчээ. Гэтэл эцэг эх нь охин Чимидлхамыгаа хөрөнгө чинээтэй Жигаа ноёнд эхнэр болгон өгөхөөр тохирч оторт гарах нэрийдлээр Наранбулагийг зорин нүүжээ. Энэ бүхнийг мэдээгүй байсан Цэрэнноров амраг хүүхэн Чимидлхамтайгаа уулзахаар болзсон өдрөө зорин ирэхэд хэдийнээ нүүсэн тул уулзаж амжилгүй явуулсандаа ихэд харамсан гуниглажээ. Цэрэнноров ямар ч байсан хайрт хүнийхээ хойноос нэхэн очиж амраг сэтгэл нь хувирч у? Аргагүйн хүчинд автагдсан уу? Мэдье хэмээн шийдээд хос шаргаа хөлөглөн замд гарчээ. Ингэж явахдаа жаахан шарга дуугаа зохион дуулсан гэдэг.
Үл тасрах уртын дууны аялгуу, нүүдлийн шувуудын ганганаа, нуур усан мэлдмэрэх хээр тал, жаран жарны түүхийн нугачаанд үл бүдгэрэх өв соёл, ёс заншил мөнхөд энэ хэвээрээ оршин байхын ерөөл тавьж жаахан шаргын нутгийн э өв соёл, үндэс угсаа, өвөрмөц ахуй амьдралын тухай нийтлэлийнхээ сүүлчийн ацагийг ийнхүү татаж байна. Соёлт хүн төрөлхтний сонор мэлмийг соронздон татах, эл бүхэн угтаа бидний төдийгүй манай гаригийн сая сая оюунт хүмүүний өмч зүйрлэшгүй эрдэнэсийн сан юм. Эрхэм таны оюун билгийн мэлмий гийх болтугай.
Э.Нандинчимэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна