Авлигын гэмт хэргээр олж авсан хөрөнгөө хувиргаад гадаадын улс оронд байршуулсан хэргийг олж тогтоон тухайн хөрөнгийг буцаан эх оронд нь авчрах ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн анхны тохиолдол бол Лондонгийн хэрэг шүү дээ.
Тэгэлгүй яах вэ! Манай улс анх удаа авлигын хөрөнгийг эргүүлэн эх орондоо авчирсан үйл явдал 2022 онд болсон юм. Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн ТӨҮГ-ын үйлдвэр эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан Г хууль бусаар Олж авсан мөнгөө Лондон хотод байрлах 4,6 тэрбумын үнэлгээтэй орон сууц болгож хувиргасан байдаг. Төрсөн дүүгийнхээ нэр дээр худалдаж авсан 110м2 дөрвөн өрөө орон сууцыг АТГ илрүүлсэн даруйдаа буюу 2019 оны 2 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж 2022 оны эхээр эцэслэн шийдвэрлэж, хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан. Ингээд Эрдэнэт үйлдвэр Лондонд байх тус 4 өрөө байр буюу буцаагдсан хөрөнгийг өөрийн бүртгэл дээрээ эргүүлэн авсан байгаа. Үүнээс хойш үйл ажиллагааны зардал болон тухай орон сууцыг захиран зарцуулахтай холбоотой нилээдгүй шийдвэрүүд хүлээгдэж байгаад эхний удаа түрээслэн “Эрдэнэт” үйлдвэр тодорхой орлогыг төсөвтөө бүрдүүлээд явж байсан. 2023 оноос АТГ “ Эрдэнэт” үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт зохион байгуулаад тухайн хөрөнгийг зарж борлуулах нь зөв үү эсвэл цаашид түрээслэн тухайн орлогыг нийгмийн хариуцлагын хүрээнд нэн шаардлагатай салбар болох эрүүл мэнд, боловсрол, орон нутагт зарцуулах уу гэж санал бодлоо хуваалцан эцэст нь “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” асрамжийн төвд зарцуулах хамтарсан шийдвэр гаргасан. Ингээд 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын тушаал гарч “Энэрэл” асрамжийн төвийн үйл ажиллагаанд зарцуулахаар болсон.
Лондон хотод байрлах тус 4 өрөө байрын сарын түрээсийн орлого хэд вэ? Энэ мөнгөний тодорхой хэмжээ нь тус төвд зориулагдах уу? Эсвэл 100 хувь уу?. Тус төвийн яг ямар үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байна?
Тус орон сууцыг “Эрдэнэт” үйлдвэр түрээсэлдэг бөгөөд түрээсийн орлого сард 2500 фунт стерлинг бөгөөд энэ нь бүхэлдээ асрамжийн газарт зарцуулагдах юм. “Энэрэл” асрамжийн төвийн төв байранд засвар хийх шаардлагатай байгаа. Мөн урлаг, спорт, сурлагын амжилт үзүүлж яваа хүүхдүүдийг тэмцээн уралдаанд явуулах, мөн тус төвийн хүүхдүүдийн боловсрол анхаарах амьдрах орчныг сайжруулах гээд олон шаардлагатай зүйлс байгаа тухай багш нар нь хэлж, санал болгож байна.
Монгол улсын хувьд авлигын гэмт хэргийн замаар олж авсан мөнгөө хувирган бүс нутгаас гаргасан хэргийг илрүүлж буцаан эх орондоо авчирсан анхны тохиолдол байсан шүү дээ. Тэр ч утгаараа энэ хөрөнгийг хэрхэн зарцуулах тухай шийдвэр мөн анхных гэсэн үг. Сайн үйлсэд зориулах болсон шийдвэрийг аль талаас гаргасан бэ? Хууль, эрхзүйн орчинд буцаан авсан хөрөнгийг хэрхэн зарцуулах тухай юу гэж заасан байдаг вэ?
Хамгийн гол нь энэ хураагдсан хөрөнгийг бодитой, олон нийтэд ил тод мөн нийгмийн сайн үйлсэд зарцуулах ёстой гэсэн үүднээс энэ санал санаачлаг шийдвэрийг гаргасан. Олон улсад бол хураагдсан хөрөнгийг хэрхэн зарцуулах тухай эрх зүйн орчин бий. Авлигын гэмт хэргээс болоод хулгайлагдсан хөрөнгө эсвэл төсвөөс хулгайлагдсан хөрөнгийн тодорхой хувь дэд бүтцийн салбарт байх ёстой. Эрүүл мэнд, хүүхдийн төлөө сан, хүүхдийн хөгжил зэрэгт зориулна гээд тусгагдсан байдаг.Харин манай улсад эрхзүйн орчин нь хараахан бүрдээгүй. Гэхдээ энэ эрхзүйн орчныг цаашдаа бий болгох зорилгоор энэ ажлыг хийлээ. Ер нь нөхөн төлүүлсэн хөрөнгийг юунд зарцуулдаг бэ гэдэг асуумж олон улсын байгууллагаас ирдэг.
Хураасан хөрөнгийг Эрдэнэт үйлдвэрийн жишгээр нийгмийн сайн, сайханд зарцуулахад юу саад болж байна вэ?
Нэгдүгээрт хууль, эрхзүйн орчноо харах ёстой. Хоёрдугаарт АТГ заагдсан эрүүгийн хэрэг, авлигалын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой байдаг. Лондонгийн хэргийн хөрөнгийн захиран зарцуулалтын хувьд бол Эрдэнэт үйлдвэртэй зөвшилцөж, санал болгож, түүнийг дэмжсэнээр хэрэгжсэн.
Сэтгэгдэл (2)