УИХ-ын Байнгын хороо Засгийн газраас болон хууль тогтоогчоос өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг явуулж, улмаар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оруулдаг үүрэгтэй. Энэ утгаараа Байнгын хороо гэдэг парламентын цөм нь гэсэн үг. Хууль батлагдахаасаа өмнө засч сайжруулалт хийгдэх гол объект нь УИХ-ын Байнгын хороо. Байнгын хорооны гишүүд Улсын төсвөөс сар бүр долоон сая төгрөгийн тогтмол цалинг авдаг атал эс үйлдэхүйгээр юу ч хийхгүй суусаар байна. Үүний цаана олон мянган хүүхдийн сурч боловсрох Үндсэн хуулинд заагдсан заяагдмал эрх зөрчигдөж байгаа билээ.
Уншигч та санаж байгаа бол өнгөрсөн хавар 12 ангиа төгсөж, төгсөлтийн баяраа тэмдэглэж буй сурагч охин тайзан дээрээс боловсролын салбарын яг голыг нь оноод хэлчихсэн. Сурагч охин хэлэхдээ “ХӨГИЙН БОЛОВСРОЛЫН СИСТЕМЭЭР 12 ЖИЛ АМЖИЛТТАЙ СУРАЛЦАЖ ТӨГССӨН ТА НАРТАА БАЯР ХҮРГЭЕ” гэсэн нь салбарыг тэр чигт нь шүүмжлээд авсан. Энэ нь ч бодит байдал дээрээ үнэн. Саяхан багц хууль амжилттай хэлэлцэж байна гэсэн ч онцын өөрчлөлтгүй гэх.
Хуучин 76 гишүүнтэй парламентын үед Байнгын хорооны хуралд 7-10 орчим гишүүн сууж, хуулийн төслийг баталдаг байсан. Энэ тоо 126 гишүүнтэй парламентын үед хоёр дахин нэмэгдсэн ч гарах үр дүн нь хуучин 76-тай парламентаас ч чадамжийн хувьд буурсан үзүүлэлт гарчээ.
Тухайлбал, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо гэж бий. Тус байнгын хороо 15 гишүүнтэй.
Дарга нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Нэг хэсэг үр, хүүхдээ зохиж, загнадаг гэх гэр бүлийн маргаантай бичлэг нь цахим орчинд цацагдаж, шуугиан тарьж байсан төрийн түшээ. Гэр бүлийн асуудал нь Ч.Ундрам гишүүний хувийн асуудал л байх. Энэ нь ард түмэнд тийм ч хамаатай биш. Буруу, зөвийг нь олон нийт шүүхгүй. Харин үүнд ёс зүйн асуудал л яригдаж байгаа юм. Гэр бүлийн орчиндоо ширүүн уур амьсгал бий болгодог, өсвөр насны охидтойгоо зүй бусаар харьцдаг ийм хүн нийгмийн тэргүүлэх салбар болох Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, гүйцэтгэх засаглалд хууль хэрэгжүүлэх чиг үүргийг өгдөг УИХ-ын Байнгын хороог ахалж байгаа нь сонин.
Тус байнгын хорооны гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, О.Батнайрамдал, Д.Бум-Очир, Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, А.Ганбаатар, Г.Дамдинням, Ц.Мөнхтуяа, Д.Рэгдэл, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат нарын улс төрчид багтсан байдаг. Г.Дамдиннямаас бусад нь шинэ гишүүд харагдаж байна. Угтаа Боловсролын салбар бол Монгол Улсын тэргүүлэх салбар. Боловсролын салбар ямар байна, Монгол Улсын ирээдүйн хөгжил яг л тийм л байна гэсэн үг.
Яагаад гэвэл ардчилал, хүний эрх, хөгжлийн суурь бүгд боловсролоос үндэслэдэг. Боловсрол бол хөгжлийн хүч. Боловсрол бол хувь хүний сайхан амьдралын баталгаа. Боловсрол бол өөрт заяагдсан эрхээ эдлэх боломж юм. Нөгөөтэйгүүр өнөөдөр Монголын төр боловсролын салбартаа юу юунаас илүү анхаарах цаг болсон. Бүр нэн анхаарах ёстой цаг үе гэж ойлгож болно. Учир нь хэдхэн жилийн өмнө дэлхий нийтийг хамарсан аймшигт цар тахал болсон. Уг тахлаас болж хохирол амсаагүй салбар гэж байхгүй. Энэ дотроос хамгийн их хохирол амссан салбар бол боловсролын салбар. Тиймээс дэлхий нийтээрээ цар тахлын дараа боловсролын салбартаа асар их хөрөнгө хаяж, эрх зүйн орчныг нь өөрчилж, тусгай бодлого явуулж хоцрогдлыг арилгах нэн шаардлагатай гэж үзсэн. Гэтэл Монголын төр энэ салбараа хаяж, улс төрийн эрх мэдлээ тогтворжуулах, нэмэгдүүлэх, мөнгө олох, завших ямар боломж байна түүндээ анхаарсан. Яаж нүүрс зарж орлогоо нэмэгдүүлэх үү, яаж байгалийн баялгийг хэсэг бүлгээрээ хувааж идэх үү гэдгээ л бодсон.
Энэ бодлого, төлөвлөгөөгөө цар тахлын үеийг ашиглаж хийсэн. Том зургаараа үр хүүхдийнхээ ирээдүйгээс хулгайлж, өнөөгийн боловсролын унасан системийг улам төгөлдөржүүлсэн. Тиймээс Монгол төрийн хувьд боловсролын салбараа нэн тэргүүнд анхаарч, тусгай бодлого, эрх зүйн орчноор эрс өөрчлөлт хийж хөл дээр нь босгох ёстой цаг үе.
Гэтэл өнөөгийн төрийн байж байгаа царай, явуулж байгаа бодлого гэж уначихсан боловсролын системтэйгээ агаар нэг харагдаж байгаа нь харамсалтай. Анхны 126 гишүүнийг боловсрол, эрүүл мэндийн салбарт бодитой өөрчлөлт гаргана гэж итгэж ард түмэн сонгосон. Гэтэл ард түмний элч болон гарч ирсэн хууль тогтоогчид дунд төрийн бодлого, эрх зүйн шинэчлэл, салбарын реформ ярьж байгаа нэг ч гишүүн байхгүй байна гэдэг монголчуудын хувьд хамгийн том эмгэнэл. Тэр дундаа УИХ-ын байнгын хороод ажлаа эрчимжүүлэх, бодит үр дүн гарсан хуулийн өөрчлөлтүүдээ нэн даруй хийх шаардлагатай байна. Боловсрол бол манай үндэсний баялаг.
Иймд бид Үндэсний баялгийн сангаар боловсролын салбарыг дэмжих ёстой гэж ярьдаг атлаа, уг санд хуримтлагдсан хөрөнгийг ард түмэнд шилний цаанаас чихэр долоолгож байгаа мэтээр улс төрийн оноо авах, нийгмийн бухимдлыг багасгахад зориулж байгаа нь харамсалтай.
Угтаа хөрөнгө байвал боловсрол эрүүл мэндийн салбартаа зарцуулахаас гар чангаадаггүй баймаарсан. Гэтэл УИХ, байнгын хороодын гишүүд энэ чиглэлд ажиллах нь битгий хэл хэд хэдэн байнгын хороонд гишүүнээр орж, цалингаа нэмэгдүүлэх боломжоо л ирж хайж байгаа нь харамсалтай.
Э.ХАТАНБҮҮВЭЙ
Сэтгэгдэл (1)