#СУРВАЛЖИЛГА: Сурагчид “Сургуулийнх нь ойр хавьд ДУГУЙЛАН, СЕКЦ хичээллэдэггүй нь ГУНИГТАЙ байдаг” гэв

Admin
2025/01/18

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхлээд 20 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд таны хүүхэд гэртээ юу хийж байна вэ?

Чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөл байхгүй, сургалт секцэнд хамрагдая гэхээр хотын төврүү орж чадахгүй олон зуун хүүхдүүд цоожтой хаалганы цаана утас, зурагттай найзлаад л сууж байна.

Улаанбаатар хотын тал хувь нь амьдарч байгаа гэр хорооллын хүүхдүүдийн хөгжих эрх зөрчигдөж байгаа талаар өнөөдөр бид хөндөх юм. Тухайлбал, бага болон дунд ангийн сурагчид улирлын амралтаараа, сургалт дамжаанд хамрагдах хүсэл сонирхол дэврүүн байвч тэдний гэртэй ойрхон хүүхэд хөгжлийн төв болон сургалт дамжаа огтхон ч алга.

7-р ангийн сурагч М:

-Амралтаараа юу хийж байна?

 -Гэрээ цэвэрлээд, дүү нараа харж, бас жаахан утсаа үзээд байж байна.

-Чиний хувьд сургалт, дамжаанд хамрагддаг уу?

-Үгүй. Манай гэртээ ойрхон сургалт бэлтгэлийн газар байхгүй, хотын төврүү орох гэхээр боломж байдаггүй. Сургуулийнхаа волейболын секцэнд явъя гэхээр хүүхэд нь дүүрсэн гээд авдаггүй.

-Чи ямар спортод дуртай вэ?

- Волейболд дуртай. Даанч хүсэл эрмэлзлэлдээ хүрэхийн тулд бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх ёстой. Гэтэл ойрхон бэлтгэл, сургалтын газар байхгүй болохоор тиймхэн санагддаг.

-Сургуулийнх нь волейболын секцэнд хэдэн хүүхэд хамрагддаг вэ?

-20-30 хүүхэд явдаг юм шиг байсан. Сайн мэдэхгүй байна. Уг нь хүүхдүүд ороод л байдаг. Асуухаар хүүхэд нь бүрдсэн гэдэг. Ер нь хүүхдийн тоо гэхгүй тэр бэлтгэл сургуулилтдаа хүүхдүүдээ тэгш хамруулаасай. Бэлтгэл гэдэг хүүхдийг хөгжүүлэх ёстой болохоос биш сонгож авч, авъяастай, авъяасгүй гэж ялгах хэрэггүй гэж боддог.

3-р ангийн сурагч Н:

-Хичээл амраад юу хийж байна

-Гэрээ цэвэрлээд дүү нараа харж байгаа

-Чи юунд сонирхолтой вэ? Дугуйланд хамрагдахыг хүсдэг үү?

-Тийм. Дуу бүжигт явмаар байна.

-Дугуйланд явъя гэхээр ямар асуудал байна?

-Дугуйлан олдохгүй байгаа.

Бага насны хүүхдүүд өөрсдөө хотын төврүү орох боломжгүй, ээж аав нь өдөр шөнөгүй ажилтай арга тасрахдаа л “сургалтанд явмаар байна” гэх хүүхэддээ боломжтой үед нь явуулна хэмээн сэтгэлийг нь дэвтээх аж. Ихэнхи сурагчдад Сургуулийнх нь ойр хавьд дугуйлан секц хичээллэдэггүй нь гунигтай байдаг гэнэ.

 Харин сургуулийн багш нар хүүхдүүдээ дугуйлан секцэнд хамруулъя гэвч анги танхим хүрэлцээгүйн улмаас боломж байдаггүй талаар бидэнд НЕБ-ын 7-р сургуулийн дуу хөгжмийн багш Энхболд ярьсан юм. Тэрбээр хэлэхдээ, “Амжилт гаргахын нууц нь бэлтгэл байдаг. Атал бэлтгэл хийхэд заал танхимын асуудал хүрэлцээ муутай байна гэж анзаарч байна. Ер нь миний бодлоор сургуулийн ойролцоо болон дэргэд сургалтын заал, тодруулбал урлаг спортоор хичээллэх тусгай заал барьж өгвөл хүүхдэд илүү ойртож хөгжих боломжтой болов уу гэж бодож байна. Цаашлаад нийгэмд ихэнхи хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болсон энэ үед хүүхдийг урлаг спортоор хичээлүүлвэл түүнээс холдох хүүхэд соёлтой, зөв хүн байх суурийг тавьж өгөх юм. Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд нь тийм төвтэй байхгүй бол ихэвчлэн хотын төврүү хүүхэд хөгжүүлэх төвүүд байгаа учраас захын хорооллын хүүхдүүд очиж чадахгүй асуудал тулгарч байгаа юм” гэлээ.

Тиймээс бидэнд одоо ямар шийдэл байна вэ? Багш, сурагчдын хэлж буйгаар сургуулийн ойролцоо эсвэл сургуулийн дэргэд хүүхэд хөгжлийн төвийг нээж өгвөл хүүхдүүд хамрагдах боломжтой гэж үзэж байна. Судалгаагаар Улаанбаатар хотод нийт төрийн өмчит 679 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Төр болон хувийн сургуульд нийт 381.700 хүүхэд суралцдаг байна. Үүнээс үзэхэд 679 сургуулийн дэргэд хүүхэд хөгжлийн төв байгуулбал төдий чинээ их хүүхдийн хөгжих эрхийг хангах боломжтой юм.


 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна