Шилэн данс төрийн өмчит байгууллагын худалдан авалт, төсвийн зарцуулалтын мөнгөн дүнг ил тод мэдээлэх гол үүрэгтэй. Гэтэл шилэн дансны хэрэгжилт нь тогтоосон хуультайгаа зөрчилдөж ил тод байх үүргээ биелүүлж чаддаггүй. Үүний тод жишээ болох гурван байгууллагыг танилцуулъя.
Нэгдүгээрт: “Эрдэнэт” үйлдвэрийн шилэн данс төсвийн гүйцэтгэл, хэтрэлт хэмнэлтийн шалтгаан, тайлбарын дөрөвдүгээр сарын дүнг одоогийн байдлаар оруулаагүй харагдаж байна. Нийт санхүүгийн тайлан 10 хоног оруулаагүй байна гэсэн үг. Гэтэл Шилэн дансны тухай хуулийн 6.1.2т сар, улирлын гүйцэтгэлийг - дараа сарын 08-ны өдрийн дотор; оруулах заалттай байдаг.
Хоёрдугаарт: Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн 2023 оны 8 дугаар сарын Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээний мэдээлэл байхгүй байна. Бусад сарын тайлан байгаа хэр нь зөвхөн наймдугаар сарын тайлан байхгүй нь анхаарал татав.
Уг нь Шилэн дансны тухай хуулийн 6.4.5т цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэртэй мэдээлнэ гэж хуульд заажээ.
Гуравдугаарт: Зам тээврийн хөгжлийн яамны шилэн дансны тавилга гэсэн утгад нэг жилд 46 сая 107 мянган төгрөг төсөвлөснөөс, өнгөрсөн сард 6 сая 904 мянга 500 төгрөг зарцуулсан гэх ерөнхий мэдээлэл байна. Улмаар тайлбар гэх утга дээр мэдээлэл байхгүй харагдаж байгаа юм. Тэгэхээр яг ямар тавилга хэдэн төгрөгөөр худалдан авсан эсэхийг тодорхой, нарийн мэдээлээгүй харагдлаа.
Түүнчлэн энэ тухай Эдийн засагч Э.Гүнбилэг, “Мэдээж шилэн данс нь тухайн байгууллагын санхүүгийн байгууллагын санхүүгийн тайланг хэр хурдан ил тод нээлттэй мэдээлж чадах вэ гэдэг үүрэгтэй. Тэгэхээр шилэн дансыг сайжруулснаар дараа дараагийн Монголын хөрөнгийн бирж дээр гарах шинэ алхмууд нь нээгдэх боломж нь бий болно гэж бодож байна. Энэ тайланг хурдан гаргах нь нэгдүгээр асуудал болж байна. Хоёрт, энэ тайланг ерөнхий буюу нэгтгэсэн хэдэн дансанд оруулсан мэдээлэл бий. Ил тод байдлыг харуулъя гэвэл тухайн санхүүгийн мэдээллийг илүү нарийвчлан задлах хэрэгтэй. Тухайн компанийн сар бүрийн орлого, зарлага, гүйлгээнүүд харагдаж байгаа. Зарим тохиолдолд мэдээллүүд байхгүй, том дүнтэй гэрээнүүд байхгүй, өдөр тутмын ажил үйлчилгээтэй холбоотой жижиг жижиг худалдан авалттай холбоотой мэдээллүүд байж байгаа. Тэгснээ гол мэдээллүүд дутуу орчихсон гэх мэт асуудлууд байдаг. Эдгээр асуудлууд ил тод байдлыг илүү буруулна гэсэн үг” гэв.
Энэ мэт ихэнх төрийн байгууллагын шилэн дансны мэдээлэл хэтэрхий ерөнхий байдлаар бүртгэгдэж, төсвийн мөнгө юунд, яаж зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна.
Сэтгүүлч: А.Булганчимэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна