“ӨНӨ МӨНХИЙН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Admin
2026/06/16

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Өнө мөнхийн Монгол” (Eternal Mongolia) хөтөлбөрийн Дэ Нэйче Консерванси (TNC) олон улсын байгууллагын Байгаль хамгааллын захирал Жеффри Паришыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БОУАӨЯ-ыг ТХГН-ийн Бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа, Дэ Нэйче Консерванси (TNC) олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах, Монголын байгалийн өв сан МБӨС-ийн Удирдах зөвлөлийн дарга Болдоо, МБӨС-ийн Гүйцэтгэх захирал, Э.Номиндарь нар оролцлоо.

Уулзалтын үеэр хөтөлбөрийн Монгол орны байгалийн өвөрмөц экосистемийг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, зорилго, олон улсын туршлагын талаар танилцууллаа.

Өнө мөнхийн Монгол” санаачилга нь дэлхийн байгаль хамгааллын тэргүүлэх байгууллагуудын нэг болох The Nature Conservancy (TNC)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй бөгөөд Монгол Улсын байгалийн нөөц баялгийг хамгаалах, экосистемийн тогтвортой байдлыг хангах, байгаль хамгааллын салбарын урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна.

Энэхүү хөтөлбөр нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжихээрээ онцлогтой юм.

Монгол Улс нь газар нутгийнхаа 21 гаруй хувийг улсын тусгай хамгаалалтад хамруулаад байгаа бөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.Иймээс байгаль хамгааллын тогтвортой санхүүжилт, үр дүнтэй менежментийн тогтолцоог бий болгох асуудал салбарын бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр байна.

Уулзалтаар байгаль хамгааллын санхүүжилтийн олон улсын шилдэг туршлага, нүүрстөрөгч шингээх чадавхыг нэмэгдүүлэх боломж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.

Энэ үеэр сайд Ц.Сандаг-Очир Монгол Улс байгалийн өвөрмөц тогтоц, биологийн олон янз байдлаа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг онцолж, Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийг бий болгох, шинжлэх ухаанд суурилсан менежментийг хөгжүүлэхэд “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг тодотгож, Монгол Улсыг энэхүү томоохон санаачилгын хэрэгжилтийн талбар болгон сонгосонд талархал илэрхийллээ.

Мөн байгаль орчны салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг цаашид нэмэгдүүлэх, үндэсний бодлого, зорилттой уялдуулах, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, хамгааллыг хангах чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэж, уг санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны зүгээс бүх талаар дэмжин ажиллана гэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна