Д.Сумъяабазар: Хот хүчтэй байж улс хүчтэй болно. Нийслэл бие даан хөгжиж чадвал Монгол Улсын хөгжил ч илүү хурдацтай урагшилна

Admin
2026/06/15

Нийслэл хотын эдийн засаг, төсөв, санхүүгийн асуудлаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороон дээр ерөнхий хяналтын сонсгол явагдаж байна.

Хотын даргаар ажиллаж байх хугацаандаа би нэг зүйлийг тууштай хэлж, хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Тэр нь нийслэл хотыг зөвхөн төсөв хуваарилуулж амьдардаг захиргааны нэгж биш, харин өөрийн эдийн засаг, санхүүгийн чадамжтай, хөгжлийн бодлогоо тодорхойлдог эрх зүйн бүрэн чадамжтай хот болгох зорилт байсан.

Сүүлийн 28 жилийн хугацаанд нийслэл хот эдийн засгийн хувьд бие даасан тогтолцоогүй, өөрийн эрх мэдэл, санхүүгийн чадамж нь хязгаарлагдмал явж ирсэн. Энэ зорилгын төлөө сүүлийн зургаан жилд, ялангуяа 2020 оноос хойш эрх зүйн томоохон шинэчлэлүүд хийгдэж, хотын бие даасан байдлыг бэхжүүлэх алхмууд тавигдсан. Энэ нь хэн нэгэн албан тушаалтны төлөө биш, нийслэлийн ирээдүйн хөгжлийн төлөө хийсэн шинэчлэл байлаа. Улс төрийн олон сорилт, эсэргүүцэл, шалгуурыг давж байж өнөөдрийн энэ суурь тавигдсан юм.

Өнөөдөр хотын төсөв, эдийн засгийн асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж, хяналт тавьж байгаа нь төрийн тогтолцооны хувьд зүй ёсны хэрэг. Харин энэ үйл явц хотын эрх зүйн чадамж, эдийн засгийн бие даасан байдлыг сулруулах бус, улам бататгах чиглэлд өрнөх учиртай.

Хот хүчирхэг байх тусам иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирна. Хот санхүүгийн хувьд бэхжих тусам улсын эдийн засаг тэлнэ. Тиймээс олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон эрх зүйн шинэчлэлийн ололтыг хамгаалж, улам хөгжүүлэх нь өнөөдрийн бидний нийтлэг зорилго байх ёстой.

Хот гэдэг зөвхөн захиргааны нэгж биш. Хот бол өөрийн эдийн засагтай, санхүүгийн чадамжтай, иргэддээ үйлчилдэг, хөгжлөө өөрөө тодорхойлох эрх зүйн боломжтой бие даасан институци байх ёстой.

Хот хүчтэй байж улс хүчтэй болно. Нийслэл бие даан хөгжиж чадвал Монгол Улсын хөгжил ч илүү хурдацтай урагшилна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна