УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн Суррон, скүүтер, мопедны хөдөлгөөнийг зохицуулах тухай хуулийн төслийг өнөөдөр эцэслэн батлагдлаа. Хууль долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
-Мопед, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт Улсын Их Хурлаар батлагдаж, 2026 оны долоодугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэхээр боллоо. Төслийг санаачлагчдын зүгээс уг өөрчлөлтийг боловсруулахдаа Казахстан, Сингапур, Их Британи, БНСУ, Австрали зэрэг улсын туршлагыг судалж, Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн тусгасан.
Шинэ зохицуулалтаар цахилгаан скүүтер болон мопедыг явган хүний замаар зорчихыг хориглож, унадаг дугуйн замаар хөдөлгөөнд оролцохоор тусгасан. Дугуйн зам байхгүй тохиолдолд авто замын нэгдүгээр эгнээний баруун зах хэсгээр зорчино. Хуулийн өөрчлөлтийн гол зорилго нь явган зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах явдал юм.
Сүүлийн үед скүүтертэй холбоотой осол, гэмтэл эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд скүүтертэй холбоотой 221 гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн насны хязгаарыг чангаруулж, мопед болон цахилгаан скүүтерийг зөвхөн 18 нас хүрсэн иргэн жолоодохоор зохицуулсан. Өмнө нь мопедыг 16 нас хүрсэн иргэн унах боломжтой байсан бол шинэ хуулиар энэ босгыг нэмэгдүүлсэн.
18 нас хүрээгүй хүүхэд мопед, цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн дагуу эцэг, эх, асран хамгаалагчид нь 200 мянган төгрөгийн торгууль ногдуулах зохицуулалт үйлчилнэ. Мөн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам, авто замд скүүтер, мопедыг замбараагүй орхиж, хөдөлгөөнд саад учруулдаг асуудлыг цэгцлэх чиглэлээр зогсоолын зохицуулалтыг мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хууль санаачлагчдын үзэж буйгаар шинэ зохицуулалт хэрэгжсэнээр явган хүний аюулгүй байдал сайжирч, бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ илүү хариуцлагатай, зохион байгуулалттай болох нөхцөл бүрдэнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна