МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар үе үеийн ахмад тамирчиддаа хүндэтгэл үзүүлэв

Admin
2026/02/15

“Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-оос XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан хөлбөмбөгийн спортын салбарт олон жил үнэнчээр зүтгэсэн үе үеийн ахмад тамирчдаа урин залж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар, МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Оюунчимэг, урилгаар МХБХ-ны Ерөнхийлөгч асан С.Жамц, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, МХБХ-ны Ерөнхийлөгч асан Ц.Амаржаргал нар хүрэлцэн ирж, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв.

Арга хэмжээг нээж МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар холбооны өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашдын зорилт, төлөвлөгөөг танилцууллаа. Тэрбээр МХБХ нийт 2.2 тэрбум төгрөгийн өр зээлийг бүрэн барагдуулж, баг тамирчдад шагнал урамшууллыг тогтмол олгодог тогтолцоог бүрдүүлсэн талаар онцолсон юм. Мөн цаашид Монголын хөлбөмбөгийн спортын тамирчдад олон улсын тавцанд гарах шинэ боломж, гарцууд нээгдэж буйг мэдээллээ.

Харин Ерөнхий нарийн бичгийн дарга С.Оюунчимэг МХБХ-ны анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж буйдаа талархал илэрхийлээд, цаашид өсвөр үе, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн, сургалтын орчныг тогтвортой дэмжих, бүс нутгийн хөлбөмбөгийн хөгжлийг бодлогоор уялдуулан, бүх шатны оролцогчдын идэвх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллахаа илэрхийллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээ өргөн хүрээнд болж, хүрэлцэн ирсэн ахмад тамирчдад тавгийн идээ, цагаан сүүний хамт хүндэтгэлийн бэлгийг гардуулан өгсөн юм. Мөн ирж буй жилийнх нь аз хийморийг бэлгэдэн сугалаа явуулж, гурван азтаныг тодрууллаа.

Тодруулбал, 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дэргэдээс нь үзэх эрхийн эзнээр Н.Ганхуяг, дэлхийн аваргын албан ёсны тоглолтын бөмбөгийн азтанаар С.Сүхбаатар, мөн дэлхийн аваргын дурсгалын алтан цомын азтанаар Д.Баянжаргал нар тус тус шалгарч, шагналаа гардлаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь сүүлийн хоёр жил гаруй хугацаанд зохион байгуулагдаагүй байсан бөгөөд уг уламжлалыг сэргээн зохион байгуулж буйг хүрэлцэн ирсэн азай буурлууд өндрөөр үнэлж, талархал илэрхийлж байсан юм.

Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ багийн тамирчид болох 85 настай Д.Доржпалам, 87 настай П.Рэндоо, 91 настай, анхны шигшээ багийн ахлагч, дөрвөн удаагийн улсын аварга Ш.Самдан нар арга хэмжээнд өөрийн биеэр хүрэлцэн ирж, Монголын хөлбөмбөгийн спортын түүхэн замнал, сонирхолтой дурсамжаас хуваалцсан юм. Мөн цаашид холбооны үйл ажиллагаа, хөгжилд хамтран ажиллахаа энэ үеэр ахмадууд илэрхийлж байлаа.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна