Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ талаар сайд Н.Учрал мэдээлэл хийж, хуулийн төслийн онцлог, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулав.
Ерөнхий сайд Н.Учрал: Тусгай зөвшөөрлийн тогтолцоог шинэчилж байгаа. Зөвшөөрөл авахад өндөр шаардлага тавьдаг хэрнээ олгосны дараа хяналтгүй орхидог гажуудлыг арилгаж, явцын хяналтыг сайжруулахаар төлөвлөж байна. Мөн татвар, нийгмийн даатгалын өртэй гэсэн шалтгаанаар зөвшөөрөл олгохоос татгалздаг байдлыг зогсооно. Тусгай зөвшөөрлийг таван жилээр олгож, сунгахдаа шинээр авч байгаа юм шиг хүндрэл учруулдаг байсныг өөрчилж, шууд арван жилийн хугацаатай олгох, эсвэл хиймэл оюун ухаанд суурилсан эрсдэлийн үнэлгээгээр автоматаар сунгагддаг байхаар тусгасан. Харин энгийн зөвшөөрлийн хугацааг гурван жилээр олгодог байсныг таван жил болгон уртасгаж, төрийн байгууллага 21-22 хоногийн дотор хариу өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцож, үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх концепцыг хуульчилсан.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Ногоон чөлөөлөлт"-ийн бодлогын хүрээнд шинэ эдийн засаг, технологийн салбарыг онцгойлон дэмжинэ. Энэ нь сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины үүсгүүр, батарей хураагуур, ногоон устөрөгч, түүнчлэн дата төв, хиймэл оюун ухааны чиглэлээр ашиглагдах мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас 100 хувь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Мөн төрийн худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр, хиймэл оюун ухаанд суурилж зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд томоохон өөрчлөлтүүд орсон. Монгол Улсад 50 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд татварын орчныг 20 хүртэлх жилийн хугацаатай тогтворжуулах шийдвэр гарсан. Хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шүүхийн шатанд удаашруулахгүйгээр арбитрын шүүх болон хөндлөнгийн зуучлалаар түргэн шуурхай шийдвэрлэх боломжийг хуульд тусгасан.
Бизнесийн орчныг сайжруулах хүрээнд ажиллах хүчний дутагдалд орсон аялал жуулчлал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, шинэ технологийн салбарт гадаадаас ажиллах хүч авахад сар бүр төлдөг байсан төлбөрийг хүчингүй болгохоор тусгасан. Мөн санхүүгийн салбарын банкнаас хэт хамааралтай байдлыг бууруулж, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын сангуудыг хөгжүүлэхэд саад болж буй зохицуулалтуудыг хална.
Төрийн хүнд суртлыг бууруулах зорилгоор 120 гаруй зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлж, 30 гаруй зөвшөөрлийг бүрэн цуцална. "Бүртгэл, гэрчилгээ" нэрийн дор далд хэлбэрээр олгогдож байсан 146 төрлийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цэгцлэхээр болсон. Энэ хуулийн төслүүд батлагдсанаар төрийн оролцоо багасч, бизнесийн эрх чөлөө хангагдан, эдийн засаг тэлэх суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна