ТББХ: МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ

Admin
2026/06/02

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.02/ хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.

Улсын Их Хурлаас Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, гишүүнээр томилогдон ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажилласан юм. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлаас Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэн ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж, холбогдох материалыг хүлээн авахаар сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон бусад олон нийтийн цахим хуудаст байршуулсан.

Уг сонгон шалгаруулалтын зарын дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж холбогдох материалиа Байнгын хороонд ирүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн ирүүлсэн хүсэлт, материалыг хүлээн авч, тэдгээртэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авилгатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг тус тус авсан. Байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Энэ хуулийн 21.5-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг төрийн бус байгууллагуудын саналаас сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг  байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар миний бие, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, А.Ганбаатар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг нарын 6 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, нийт 3 удаа хуралдсан.

2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг төрийн бус байгууллагуудын саналаас сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ил тод, шударга зохион байгуулах зорилгоор “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг боловсруулж, мөрдөн ажиллах саналыг гаргасан.

Тус “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-д Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтын хүрээнд төрийн бус байгууллагаас санал болгосон нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй мэдээлэл, томилогдсон тохиолдолд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, нэр дэвшүүлсэн үндэслэл, түүнчлэн хуульд заасан бусад шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлж, санал, дүгнэлт гаргах шинээр томилогдох Үндэсний зөвлөлийн гишүүний мэргэжлийн болон санал болгосон төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь өмнө нь чөлөөлөгдсөн гишүүний чиглэлтэй нийцэж байгаа эсэхийг харгалзан үзэж сонгон шалгаруулалтыг явуулах, шаардлага хангасан бүх нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгох эрхийг хангах зорилгоор Төрийн байгуулалтын байнгын хороонд санал болгож, нэр дэвшигчийн сонсголд оролцуулахаар тусгасан. Дээрх саналыг тусгасан “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар баталсан гэлээ.

Ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж ирүүлсэн 19 төрийн бус байгууллагуудын нэр дэвшигчдийн баримт материалыг хэлэлцэн, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ын шаардлагыг хангаж байгаа эсэхийг харгалзан үзэж сонгон шалгаруулалтыг явууллаа. Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигч Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйл болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ. Иймд дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгох эрхийг хангах үүднээс Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, нэр дэвшигчийн сонсголд оролцуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар сонссоны дараа Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.2 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна”, 21.5.2 дахь заалтад Үндэсний зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурал 7 хүнийг нэр дэвшүүлэхээр тус тус заасан бөгөөд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлд тусгасан гэдгийг хуралдаан даргалагч танилцуулсан.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн,
Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин,
Г.Энхбаяр,
М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгохоор тогтоолын төсөлд тусгасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, тогтоолын төслийг эцэслэн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна