Мисс, загвар өмсөгч Н.Ану: Би олон охидын мөрөөдлийн амьдралаар амьдарсан юм билээ

Admin
2026/04/27

Мисс, загвар өмсөгч Н.Анугийн нэрийг Монголын загвар, гоо сайхны ертөнцөөс салгаж төсөөлөхийн аргагүй. Тэрээр “Miss Mongolia 2013” тэмцээний титмийн эзэн, “Манжуурын мисс 2014”-ийн ялагч, 65 дахь удаагийн “Дэлхийн мисс”-ийн тэмцээний авьяаслаг 30 миссийн нэг, загварын даашинзны төрөлд топ 10-д шалгарсан оролцогч, Азийн тод модель мөн “Miss Tourism Queen International” тэмцээний ялагч гэдгээрээ олон нийтэд танигдсан билээ. Үүнээс гадна 2011-2012 онд “Говь” ХК-ийн нүүр царай, МИАТ компанийн онгоцны үйлчлэгч зэрэг олон охидын мөрөөдөл болсон ажлуудыг хийж, түүний карьер үнэхээр гэрлийн хурдаар өсөж байв.


Харин энэ бүх амжилтын эхлэл тийм ч дардан байгаагүй. Загварын салбарт ихэнх охид 14 настайгаасаа хөл тавьдаг бол Н.Ану 19 настайдаа орж ирсэн нь харьцангуй хожуу эхлэл байв. Гэвч тэр үедээ нас биед хүрч, тодорхой хэмжээнд төлөвшсөн, ээжийнхээ хатуу боловч зөв хүмүүжлийн дор өссөн нь түүнийг замаасаа гажилгүй, өөрийнхөөрөө тууштай урагшлахад түшиг болжээ.

Түүний бага нас амьдралын сорилтоор дүүрэн. Гуравхан настайд нь аав нь өөр амьдрал зохиосноор тэрээр ээжийнхээ хамт өвөө, эмээгийндээ, гэр хороололд өссөн байна. Багаасаа бие дааж сурсан тэрээр долдугаар ангиасаа эхлэн зуны амралтаараа ажил хийж, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгожээ. Их сургуульд элсэхдээ сурлагын амжилтаараа 20 хувийн тэтгэлэг авч, үлдсэн төлбөрийг өвөө, эмээгийнх нь тэтгэврийн зээлээр төлсөн нь түүнд “алдах эрхгүй” гэдгийг үргэлж сануулдаг байсан гэдэг.

Ийнхүү тэр ШУТИС-д суралцаж байхдаа хоёрдугаар курсдээ “Шилдэг загвар өмсөгч” тэмцээнд оролцон түрүүлж, “Монгол модель” агентлагийн захирал, топ модель Болормаагийн хараанд өртсөнөөр загварын ертөнцөд албан ёсоор хөл тавьжээ. Төд удалгүй “Говь” компанийн нүүр царай болж чадсан нь түүний карьерын эхний томоохон амжилтуудын нэг байв. Тухайн үед “Говь”-ийн нүүр царай болно гэдэг олон жилийн туршлагатай, олонд танигдсан моделиудад олддог боломж байсан ч Н.Ану ердөө нэг жил хүрэхгүй хугацаанд энэ өндөр босгыг давж чадсан нь түүний онцгой чадвар, дайчин зангийн илэрхийлэл байлаа.


Удалгүй тэрээр олон охидын мөрөөдөл болсон МИАТ компанийн онгоцны үйлчлэгч болж, энэ үедээ “Miss Mongolia 2013” тэмцээнд анх удаа оролцон, шууд титмийн эзэн болж чадсан юм. Түүний багш, топ модель Болормаа “Чи бол миний уралдуулах морь” хэмээн хэлсэн нь Н.Ануг улам хурцалж, зоригжуулсан гэдэг. Тэр цагаас хойш түүний миссийн замнал амжилтаар дүүрэн үргэлжилсэн билээ.


Гэвч амжилт, алга ташилтын дунд өөрийгөө алдахгүй байх нь хамгийн хэцүү. Н.Анугийн хувьд энэ сорилтыг давж чадсан нэгэн. Тэрээр 18 настайдаа танилцсан залуутайгаа үерхэж, өнөөдөр хоёр охины ээж, аз жаргалтай гэр бүлийн эзэгтэй болсон. Мисс, загвар өмсөгчид заавал баян, нөлөө бүхий хүнтэй холбогддог гэх хэвшмэл ойлголтыг тэр өөрийн амьдралаар үгүйсгэж чаджээ.


Тэрээр “Бид анх танилцахдаа санхүүгийн хувьд юу ч үгүй, хоосноосоо эхэлсэн. Гэхдээ сэтгэл дотор маань хэмжээлшгүй их хайр байсан. Хүн мөнгийг хөөж эхэлбэл мөнгөний боол болдог. Харин мөрөөдлөө дагаж, түүндээ үнэнч байж чадвал мөрөөдөл биелэхийн хэрээр мөнгө аяндаа дагаж ирдэг юм билээ” хэмээн ярьсан байдаг.

Өнөөдөр тэд хамтдаа “Colorset” интерьер дизайн, гүйцэтгэлийн компанийг байгуулж, амьдралын дараагийн шатандаа мөр зэрэгцэн урагшилж явна. Амжилт, хөдөлмөр, хайр гуравын огтлолцол дээр бүтсэн түүний түүх олон залууст урам зориг өгөхүйц, бодит үлгэр болон үргэлжилсээр байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна