Mycareer Б.Болд: Амнаасаа алтан шувуу мэт гоё үгсийг нисгэж байгаарай

Admin
2026/04/20

Хөтлөгч, жүжигчин Б.Болдын амьдралын түүхийг сөхвөл санамсаргүй тохиолдол, зоригжуулсан үг, тууштай хөдөлмөр гурав хэрхэн хүний хувь заяаг өөрчилдөгийг тодхон харуулна.

Оюутан байхдаа тэр “Монголд хоёрхон Болд бий. Нэг нь дуучин Болд, нөгөөх нь би” хэмээн хошигнон ярьдаг, мөрөөдөл дүүрэн залуу байжээ. Радио, телевизийн дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөхдөө хошин урлагийн тайзнаа өөрийгөө харна гэж итгэдэг байсан ч амьдралын шаардлага түүнийг өөр сонголтын өмнө авчирсан юм. Найз бүсгүй нь жирэмсэн болж, гэр бүлийн хариуцлага нэмэгдэх үед тогтмол орлоготой ажил хийхээс өөр аргагүйд хүрч, худалдагч болохоор шийдэж байлаа. Гэвч хүний амьдралд ганцхан өгүүлбэр бүхнийг өөрчилдөг мөч байдаг. “Ийм сайхан мэргэжлээр төгссөн хүн мэргэжлээрээ ажиллах ёстой” хэмээх гэргийх нь  хэлсэн үг түүний замыг эргүүлжээ. Тэр дэмжлэг, тэр итгэл өнөөдрийн Б.Болдын суурь болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.

Ингээд тэр SBN телевизэд дууны найруулагчаар ажилд орсон нь урлагийн салбарт хөл тавих эхлэл болов. Харин жинхэнэ эргэлтийн цэг нь санамсаргүй тохиолдлоос эхэлжээ. “Зөөгч” реалити шоуны хөтлөгч ирээгүй нэгэн өдөр тэр нэвтрүүлгийг орлон хөтөлсөн нь түүний хөтлөгчийн карьерын эхлэл байлаа. Зарим амжилт төлөвлөгдөөгүй байдаг ч боломжийг алдалгүй барьж чадсан хүн л түүнээс цааш алхдаг.


Тэрээр зургаан жилийн турш SBN телевизэд ажиллахдаа “Би чадна”, “Автобус шоу” зэрэг нэвтрүүлгээр үзэгчдийн танил дүр болж чадсан юм. Үүний дараа Боловсрол суваг телевизэд “Аяыг таа”, “Яг түүн шиг” нэвтрүүлгүүдийг хөтлөн иүзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээж чадсан юм.


Түүний амжилт, карерийн тухай ярьвал зөвхөн үүгээр дуусахгүй. Түүний  амьдралын энгийн атлаа үнэ цэнтэй тэмцэл бий. Хоёр чемодан хувцас, хөнжил гудсаа барин Дэнжийн мянгад айлын хашаанд гэр барьж амьдралаа эхлүүлсэн залуу хос өдгөө өөрсдийн хөдөлмөрөөр гурван өрөө байртай болсон нь түүний хувьд хамгийн бахархалтай дурсамжуудын нэг. Бусдад энгийн санагдах энэ замнал түүнд жинхэнэ утгаараа амжилт байлаа.

Цагдаа аав, эмч ээжийн хүү тэрээр ээж ааваасаа эд хөрөнгө өвлөөгүй ч хүмүүжил, ёс суртахуун, хөдөлмөрч занг өвлөсөн гэдгээ онцолсон. Авлига, шуналаас ангид, бусдын төлөө зүтгэж ирсэн эцэг эхийнхээ амьдралын хэв маяг түүний үзэл бодол, хандлагад гүн нөлөө үзүүлжээ. Тиймдээ ч өнөөдөр өөрийгөө бүтээхэд хамгийн том нөлөө үзүүлсэн зүйл нь тэр хүмүүжил байсан гэж тэр ярьсан.

Залуу насанд эхнэртэйгээ маргалдаж, асуудлаа хурцадмал байдлаар шийддэг байсан бол цаг хугацааны явцад ярилцаж ойлголцох, одоо бүр харцаараа ойлголцох хэмжээнд хүрсэн байна. Тэд амьдралынхаа нэг үед дөрвөн сар салж явсан ч эргэн нийлж, хамтдаа босгосон амьдралаа улам бат бөх болгож чаджээ. “Тэгээс эхэлсэн амьдрал нурдаггүй юм билээ” гэсэн түүний үг энэ бүхнийг товчхон илэрхийлнэ.Өнөөдөр тэд гурван хүүхдийн аав, ээж болцгоосон. 

Түүний замналд аз тохиосон нь үнэн. Гэхдээ тэр аз зөвхөн хөдөлмөрч хүнд л боломж болдог. Нэгэн цагт худалдагч болохын ирмэг дээр зогсож байсан залуу өнөөдөр үзэгчдийн танил, хайртай хөтлөгч, жүжигчин болж чадсан нь үүний тод жишээ юм. Одоогоор тэрээр кино урлагт ч хүч сорин, хоёр бүтээлд туслах дүр дээр ажиллаж байна.

Ингээд түүний оролцсон "MYCAREER" ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүргэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна