Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-нд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд өчигдөр (2026.04.08) хийв.
Энэ хуулийн зорилго нь Улсын Их Хурлаас соёрхон баталсан, үндэсний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега төслийн жагсаалтад тусгагдсан, импортыг орлох, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр ашиг бүхий, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх боломжтой, нийслэлд тулгамдсан асуудал болох хүрээлэн буй орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, энэ хуульд заасан гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглах. Төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх юм .“Гадаад зээллэг” гэдэг нв Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.2, 4.1.15-д тус тус заасан гадаад зээл, үнэт цаас зэрэг хөгжлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр юм. Төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн 2.2-т заасан төслийн нэрийг өөрчлөх, шинэ төслийг нэмэхийг хориглоно” гэсэн ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т “Хэрэв төслийн зүйлээр хуульд шинээр бүлэг, дэд бүлэг нэмэх, бүлэг, дэд бүлгийг бүхэлд нь өөрчлөх бол тухайн бүлгийн зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу төсөлд бусад зүйл буюу дөрөвддүгээр бүлэг нэмэгдэж байгаа тул санал хураалт явуулав.
Энэ хуулиар гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслүүдийн гадаад зээллэгийн санхүүжилтийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Энд зааснаас бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.Энэ хуулийн үйлчлэлд гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй доор дурдсан төсөл хамаарна:
Тухайн жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр батлагдсан, нэгдсэн төсвийн нийт зарлага болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан нийт төслийн гадаад зээллэгийн санхүүжилтийн ашиглалтын зардал, түүний зардлын өсөлтөөр нэмэгдэж болно. Нэмэгдсэн дүн нь дээрх хязгаарт үл хамаарна гэж төсөлд бичжээ. Нийт төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нэмэгдсэнээр тухайн жилийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтэрч болно. Засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийн тайланг тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийн хамтаар хагас жил тутам Улсын Их Хуралд хүргүүлнэ. Дээрх төслийн хэрэгжилт, санхүүжилт, төслийн ашиглалттай холбоотой мэдээллийг холбогдох журмын дагуу олон нийтэд тогтмол, ил тод мэдээлнэ.
Хуулийн төсөлд дахин төсөл арга хэмжээ нэмэхгүй, төсөлд тусгагдсан төслийн нэрийг өөрчлөхийг хориглох хаалтын зохицуулалт нэмжээ. Цаашдаа хөгжлийн төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх, үүнд Засгийн газар өрийн баталгаа гаргаж болох асуудлыг тусгах юм байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Алтанцэцэг "Төсвийн тухай хуульд газрын тос боловсруулах үйлдвэр, метро, ДЦС-5 гэх мэт томоомон төслүүдийн дүн зардал талд их жин дардаг юм байна. Иймд ашиглалтад ороод эдийн засгийн үр өгөөжөө өгөх төслүүдийг улсын төсвийн өрийн таазнаас гаргах тухай яригдсан.
2024, 2025 оны намар бид өр төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Бид жил бүрийн зургаадугаар сард дараа жилийнхээ төсвийг яамд руу явуулдаг. Тэр нь танагдаж, аравдугаар сараас хойш төлбөр төлөхөд хүндрэл үүссэн. Хүнд мөнгийг нь өгч чадахгүй болохоор шаардлагаа тавьж чадахгүйд хүрсэн.
Энэтхэгийн Засгийн газар, манай санхүүжүүлэгч Экзим банк маш их гайхсан. Яагаад авсан зээлээ зарцуулахгүй байна вэ гэдэг. Энэ төсөл зөвхөн Монголд биш Энэтхэгийн төр засгийн ч сонирхлын төвд бий. Энэ төсөл хурдан амжилттай хэрэгжих нь мөнгө зээлүүлсэн улсын ч асуудал мөн. Тэд аль болох хурдан үйлдвэрийг ашиглалтад оруулж, зээлээ буцааж авах хүсэлтэй.
Гэвч биднээс хамааралгүй саатлууд гардгийн нэг нь энэ" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна