Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяандаа хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийг ажиллуулдаг бөгөөд нэгэн гэр бүл болон амьдарч, сурч хүмүүжиж буй хүүхдүүдэд сурч боловсрох, хөгжих таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Охидын өрөө”-г шинээр тохижуулснаа өнөөдөр нээлээ. Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэй удирдлагуудаас гарсан санаачилгыг Эмэгтэйчүүдийн холбоо, тэр дундаа Засвар, механикийн заводын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Гэр бүл, эцэг эхийн зөвлөл, Залуучуудын холбоо хамтран дэмжиж, хандивын аян өрнүүлснээр бодит ажил болгон хэрэгжүүлжээ. Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Нарны охид” төслийнхөн өрөө тохижуулахад оролцсон бөгөөд цаашид хүний хөгжлийн сургалтуудыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна гэж “Энэрэл” төвийн эрхлэгч М.Майцэцэг ярилаа. Шинэ өрөөтэй болсон охид сурч хөгжих, дотно яриа өрнүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бүрдсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн. Одоогоор “Энэрэл” төвд Монголын гэрэлт ирээдүй болсон 4-17 насны 60 гаруй хүүхэд амьдарч, сурч хүмүүжиж байгаагийн 29 нь охид байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн удирдагч эмэгтэйчүүдийн “Ариадна” клубын санаачилгаар тохижуулсан хүүхдийн гурав дахь өрөө юм. Өмнө нь Орхон аймаг дахь БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хөрөнгө оруулж, хүүхдийн тоглоомын танхим, эцэг эхийн гал тогоо, эмчийн үзлэгийн өрөөг бүрэн тохижуулж байсан бол өнгөрсөн хавар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны II байранд мэдээллийн технологид тулгуурласан "Хүүхдийн өрөө" тохижуулж ашиглалтад оруулсан.
Засвар, механикийн заводын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Үйлдвэрлэлийн инженер Д.АРИУНЗУЛ: “Энэрэл“ төвийн охидод сурч хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тааламжтай орчин, тусгайлсан өрөө хэрэгтэй байгааг дуулаад, заводынхоо Гэр бүл, эцэг эхийн зөвлөл, Залуучуудын холбоотойгоо хамтраад Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн бүх нэгжүүдэд хандсан уриалга гаргасан. Манайхан ч сайн дэмжсэн. Ингээд бид хандиваар цугларсан 16 орчим сая төгрөгийг “Энэрэл” төвд хүлээлгэж өгсөн нь саяхан мэт санагдаж байна. Гэтэл өнөөдөр хандивынхаа үр шимийг үзээд зогсож байгаадаа баяртай байна. Охид бол нийгмийн хөгжлийн тулгуур, амьдралын эх булаг, маргаашийн гэр бүлийн өнгө гэрэл нь учраас сайхан орчинд сурч, хүмүүжих хэрэгтэй. Энэ нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оролцсон хүн бүхэнд баярлалаа. Манай хандивын аянд эмэгтэйчүүдээс гадна уурхайчин аавууд олноор нэгдсэн. Та нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна