Энэ сарын 1-ээс автозамын зөрчлийг 102 аппликэйшнд илгээсэн иргэнд урамшуулал олгодог болсон. Тэгвэл 25 хоногийн хугацаанд иргэд тус аппликэйшнд 120300 удаа автозамын зөрчил илгээжээ. Эдгээрээс зогсож болохгүй тэмдэгтийн доор машинаа байршуулсан, гарц хаах зөрчлүүд ихэнх хувийг эзэлж байгаа гэж албаныхан мэдээлэв.
Бид СБД-ийн нэгдүгээр хороо буюу Соёолж төвийн ойролцоох газруудад замын зөрчлүүд хэр их тохиолдож байгаагажиглалт хийсэн. Ингэхэд ойролцоох машин байрлуулж болохгүй тэмдэгтийн доор зургаан өөр машин автозамын нэгдүгээр эгнээг хаан, бродюр даван зогссон байдалтай харагдаж байв. Нэг байршилд багахан хугацаанд замын зөрчил ажиглан зогсоход олон зөрчил харагдаж байлаа.
Энэ талаар холбоотой мэдээллийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Ахмад Д.Ганхуягаас бид тодрууллаа. Тэрбээр, “25 хоногийн хугацаанд иргэд 102 аппликэйшнд 120300 автозамын зөрчил илгээсэн байна. Эдгээр зөрчлүүдээс 56 мянга орчимд нь хариуцлага тооцсон. Энэ журмаар 102 аппликэйшнд нэг иргэн хэдэн ч удаа автозамын зөрчил илгээх боломжтой юм. Түүнчлэн энэ урамшууллыг зөвхөн автозамын зөрчил илрүүлсэн тохиолдолд олгодоггүй. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34-р зүйлд “Гэмт хэрэг үүсэхээс сэргийлсэн, гэмт хэргийг таслан зогсоосон, тодорхой үр дүнд хүргэх санал санаачилга гаргасан иргэн, байгууллага, аж ахуй нэгжийг урамшуулах” тухай зохицуулалт байдаг.
Мөн автомашины зөрчил илгээн урамшуулал авах журамд иргэд илгээсэн зөрчил нь яагаад хүчингүй болчхов гэж гайхаж байна. Тухайн илгээсэн зөрчилд ямар дүрэм зөрчсөн нь тодорхойгүй, автомашины дугаар харагдахгүй, нэг илгээсэн зөрчил олон удаа ирүүлэх гэсэн зүйлс байна. Ийм тохиолдолд бид цаг минуттай нь тулгаж хамгийн эхэнд зөрчил ирүүлсэн иргэнийг тооцож байгаа” гэв.
Иргэд: 102 аппликэйшд зөрчил илгээж үзээгүй, цаашдаа шаардлага гарвал ашиглана...
Үргэлжлүүлэн бид автозамын зөрчил илрүүлсэн хүнд урамшуулал олгох журамд иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Иргэд ихэвчлэн "102 аппликэйшд зөрчил илгээж үзээгүй, цаашдаа шаардлага гарвал ашиглана, дүрэм зөрчсөн бол торгуулах нь зөв" гэж хэлж байлаа. Харин зарим нетизэнүүд “Энэ урамшуулал гарснаас хойш өдөрт 20 машины торгууль шивж, ажил хийх шаардлагагүй боллоо” гэх мэтчилэн хошигнон бичиж байгаа. Энэ үнэн байсан ч хуулийн дагуу нэг хүн хэдэн ч удаа 102 аппликэйшнд жолоочийн зөрчил илгээх нь иргэний эрхийн асуудал юм.
Тус урамшууллын олголт нь НӨАТ-ын буцаан олголтын хугацаатай ижил
Автозамын зөрчил илрүүлсэн хүнд урамшуулал хэрхэн олгогдох талаар дурдъя. 20,000 төгрөгийн торгууль ногдуулсан бол зөрчил мэдээлсэн иргэн 10-20 хувийн буюу 2,000-4,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой. Хэрэв зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаандаа төлөөгүйгээс үнийн дүн өссөн бол дагаад урамшуулал нь өссөн дүнгээс тооцогдох юм. Харин зөрчил гаргасан жолоочид торгуулиа төлөх хүртэл нэмэгдэл хүү тооцогдох бөгөөд таван сарын дараа 20 мянган төгрөгийн торгууль 30 мянга болж өсдөг. Энэ тохиолдолд мэдээлэгч иргэнд 6,000 төгрөгийн урамшуулал бодогдох аж. Ингэхдээ олгох урамшууллын дүнгээс орлогын албан татвар суутгаж, иргэний данс руу шилжүүлнэ. Тус урамшууллын олголт нь НӨАТ-ын буцаан олголтын хугацаатай ижил буюу 2026 оны нэгдүгээр сарын 20-нд 2025 оны сүүлийн хоёр сарын урамшууллыг, дөрөвдүгээр сарын 20-нд эхний гурван сарын урамшууллыг нэг удаа олгохоор тогтсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна