“Оюу толгой” компанийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Гэрэлт” төсөл 6 дахь жилдээ өсвөр үеийнхний сэтгэл зүй, нөхөн үржихүйн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд эерэг өөрчлөлтийг бий болгож байна. Уг төслийг “Гүүд Нэйборс” ОУТББ, “Эрүүл ирээдүйн эзэд” ТББ, “Монголын жюү жицүгийн холбоо” хамтран хэрэгжүүлдэг бөгөөд 2025-2026 оны хичээлийн жил Баянзүрх дүүргийн 14, 69, 120, 147-р сургуулиуд хамрагдаж байгаа юм.
Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 31,554 хүн сэтгэл зүйн үйл ажиллагаанд хамрагдаж, 25 сургууль сэтгэл зүйчтэй болж, эдгээр 25 сургуульдаа сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө тохижуулан, 23,595 хүнийг нөхөн үржихүйн сургалтад хамруулж, 465 үе тэнгийн зөвлөх бэлтгэсэн байна. Мөн жюү жицүгийн 3 клуб байгуулан, эдгээрт 180 сурагч хичээллэж, улсын хэмжээний болон олон улсын чанартай тэмцээнүүдээс 44 медаль хүртжээ.
Энэ хичээлийн жилд “Гэрэлт” төсөл дараах чиглэлээр хэрэгжинэ:
• Өсвөр насныхны нөхөн үржихүй болон сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх
• Эрсдэлт үйлдлээс урьдчилан сэргийлэх, асуудал тулгарахад тусламж авах арга замыг чиглүүлэх
• Сургуулийн сэтгэл зүйчдийг чадавхжуулж, асуудлыг эрт илрүүлдэг, хүүхдийг эрсдэлээс хамгаалдаг тогтолцоог бүрдүүлэх
• Эрүүл мэндийн багш нарыг чадавхжуулах
• Сургуулиудад сэтгэл зүйн зөвлөгөөний жишиг өрөө бий болгох
• Эрүүл мэндийн клуб байгуулж, сурагчид өөрсдөө асуудлаа хөндөж ярьдаг, шийдэл олоход оролцдог болгох
• Сургуулийн орчинд мод тарих
Зургаан жилийн хугацаанд хэрэгжиж буй уг төслийг “Оюу толгой” компани нийт 2.5 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна