Монгол Улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, хуульч С.Нарангэрэлд тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртээхээр болжээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагналыг гардуулах юм. 2005 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 18 хүн, байгууллага, хамтлаг энэ одонг хүртээд байна.
Хуульч С.Нарангэрэл нь 1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1991-1992 Парламентын дэргэдэх академийн дэд захирал зэрэг албан тушаал хашиж байсан юм. Ингээд 1992-1996 оны парламентын сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болжээ. Тухайн үед шинэ Үндсэн хуульд нийцүүлсэн хууль тогтоомжийг өөрчлөх том ажил хийж эхэлсэн байна. УИХ-ын гишүүн болсныхоо дараа тэрбээр Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчлэх их ажлыг дангаараа хийж, шаардлагатай хуулиудыг батлуулжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагад олгодог.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна