МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ААН-ҮҮД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ҮЙЛ ХЭРЭГТ НЭГДЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Admin
2025/11/14

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах тов гарсан.

Энэ хурлыг угтан өчигдөр /2025.11.13/ “Эрүүл газрын төлөө Монголын бизнесийн төлөө” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нээж, дэлхий нийтэд газрын доройтлын нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрсэн бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Сайд Б.Батбаатар хэлэхдээ, “Дэлхийн эх газрын бараг 40 хувь нь доройтсон бөгөөд жил бүр мод огтлол, хотжилт, хөдөө аж ахуйн зохисгүй үйл ажиллагааны улмаас 100 сая га орчим газар эдийн засгийн эргэлтээс гарч байна. Дэлхийн эдийн засгийн талаас илүү буюу 58 их наяд ам.долларын ДНБ эрүүл газар, байгалийн нөөцөөс шууд хамааралтай. Монгол Улсад газрын доройтол голчлон бэлчээрийн доройтлоор илэрч, хүлэмжийн хийн ялгарлын нэг гол эх үүсвэр болж байна” гэж мэдэгдэв.

Тэрээр мөн Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахдаа олон улсын зочид, төлөөлөгчдийг хүлээн авахын зэрэгцээ манлайлагч, урам зориг өгөгч улс байхыг зорьж буйгаа тэмдэглэв.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын түншлэгчид оролцож, газрын доройтлыг бууруулах, тогтвортой бизнесийн шийдэл болон ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр санал бодлоо хуваалцав.

Арга хэмжээний хүрээнд Монголын Бизнесийн Зөвлөл болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба “Хамтран ажиллах тухай санамж бичиг” байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ шат эхлүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна