Хийн түлшинд шилжсэн айлуудын урамшууллыг иргэний үнэмлэх болон Hotula аппликэйшнээр олгоно

Admin
2025/11/13

Нийслэл хотын Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5,000 айлын гэр, байшинг дулаалж, энэ сарын 15-наас төвийн хийн хангамжид холбохоор болоод буй.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр өнөөдрийн байдлаар дулаалгын ажил бүрэн дуусаж, айл өрхүүдийг арваннэгдүгээр сардаа багтаан хийн халаалтын системд холбох ажлыг эхлүүлжээ.

Хийн халаалтын систем нь өндөр настай болон биеийн хүчний ачаалал багатай иргэдэд зориулсан энгийн удирдлагатай, олон улсын стандартад нийцсэн технологитой. Уг төхөөрөмжийн ашиглалт, өдөр, шөнийн горимын тохиргоо, аюулгүй ажиллагааны зааврыг айл өрх бүрд очиж зааж өгөх юм байна. Эхний нэг сарын хугацаанд иргэдийн хэрэглээний дадлыг тогтворжуулах зорилгоор тогтмол хяналт, зөвлөгөө өгнө. Ингэснээр өрх бүр төхөөрөмжийг бүрэн ойлгож, аюулгүй, тогтвортой хэрэглээний хэв маягийг хэвшүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Харин хүйтний улиралд 200,000 төгрөгийн урамшууллыг хийн системд шилжсэн өрхүүдэд иргэний үнэмлэх болон "Hotula" аппликэйшнээр дамжуулан олгох юм байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн туршилтаар 10 килограмм хийн баллоныг 50-80 м.кв талбайтай байшинд 5-7 хоног ашиглаж байжээ. Тухайн өрхийн температурын тохируулгаас хамаарч хэрэглээний хугацаа их, бага байх аж.

Хийн төхөөрөмж нь хамгаалалтын зүрхэвч, холболтын мэдрэгч, угаар болон хий алдагдлын дохиоллын системтэй бөгөөд аюул илэрсэн тохиолдолд хий дамжуулалт автоматаар хаагдаж, мэдээллийг нэгдсэн удирдлагын төвд шууд дамжуулах бөгөөд иргэн дохиоллын дуудлагад хариу өгөхгүй тохиолдолд хяналтын баг 5-7 минутын хугацаанд тухайн өрх дээр очиж, арга хэмжээ авах зохицуулалттай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна