Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Есболат бусадтай нийлж албан тушаалаа ашиглан сургуультай ойр байрлах хүнсний дэлгүүрт тамхины зөвшөөрөл олгосон маргааны давж заалдах шүүх хурал өнгөрсөн баасан гарагт боллоо. Д.Есболат нь 2021-2023 оны 06 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан юм. Энэ хугацаанд тэр ашиглаж Өлгий сумын Засаг даргын тамгын газрын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.Мурат, мөн сумын Засаг даргын орлогч Х.Нурболаттай бүлэглэн хамтран өөрт олгогдсон эрхийг хэтрүүлэн, сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метр дотор байрлах хүнсний нэр бүхий дэлгүүрүүдэд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар олгож бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэх хэрэгт холбгогдож, прокуророос 2025 оны 02 дугаар сард яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлжээ. Улмаар анхан шатны шүүх тухайн хэргийг хэлэлцээд өнгөрсөн тавдугаар сард тэднийг гэм буруутайд тооцож Д.Есболатыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Х.Муратыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Х.Нурболатыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэрийг шүүгдэгчид эсэргүүцэн давж заалдах хүсэлт өгч, өнгөрсөн баасан гарагт /2025.11.07/ давж заалдах шүүх хурал болсон юм. Тэгвэл Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн оногдуулсан ял нь тэдгээрийн үйлдэлт тохирсон гэх дүгнэлтийг хийж, тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААН
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна