Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг, “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй өдрийг Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.
Нээлттэй өдөр үйл ажиллагааны хүрээнд Булган, Орхон болон Дархан-Уул аймагт иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, хүний эрхийн талаар ойлголт мэдээлэл өгч, харилцан санал солилцов.
Уулзалтад иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн оролцогчид тулгамдаж буй асуудлаа ярилцав. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо статистик буурахгүй байгаа бөгөөд үүний улмаас эмэгтэйчүүд, хүүхдийн эрх зөрчигдөж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас архаг хууч өвчний оношийг хассанаар ахмадууд эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйд хүрсэн. Түүнчлэн төр, төрийн бус байгууллагын уялдаа холбоо муу, иргэний нийгмийн байгууллага ажиллахад хүндрэлтэй, тэднийг хавчин гадуурхах явдал гарсаар байгааг онцлон хэлж байлаа.
Төрийн цахим үйлчилгээ хүртээмжтэй биш, эмнэлгийн цаг авах, эмчид үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсгэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургахтай холбоотой бэлтгэгдсэн багш боловсон хүчин, бэлтгэсэн анги танхим дутагдалтай, мөн цахим орчинд бусдын нэр төрийг гутаан доромжлох зэрэг асуудлууд гарч байна. Мөн орон нутагт улсын төсвийн хуваарилалт нь ялгаатай байгаа нь хүний эрхийн хэрэгжилтэд нөлөөлж байгаа зэрэг олон асуудлаар санал солилцлоо.
Боловсролын салбарт гарч буй хүний эрхийн тулгамдсан нийтлэг асуудлууд болон хүний эрхийн зөрчилд ХЭҮК-оос үнэлгээ, дүн шинжилгээ, судалгаа хийж байгаа бөгөөд улс орны хэмжээнд үүссэн бодит нөхцөл байдал, шийдвэрлэх арга замын талаарх зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна гэв. Түүнчлэн иргэний нийгмийн төлөөллийн байгууллагуудтай хамтарч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна